“Таурус” пуужинг Украинд нийлүүлбэл Орос-Германы харилцаанд сөргөөр нөлөөлнө гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-19 16:32:37

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны зургаадугаар сарын 19 /DW/. Хэрвээ Герман улс “Таурус” далавчит пуужингаа Украинд нийлүүлэх аваас энэ нь Орос-Германы харилцаанд ноцтой үр дагаврыг авчирна гэж Оросын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.  


Уг пуужинг ашиглахад Бундесверийн офицеруудын оролцоо ба хиймэл дагуулын өгөгдлүүд зайлшгүй шаардлагатай учраас энэхүү үйлдлийг Герман улс Украины талд зэвсэгт мөргөлдөөнд оролцож байна гэж үзэх болно хэмээн В.Путин лхагва гарагт Петербургийн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн байна.


Үүний зэрэгцээ тэрбээр “Оросын арми фронтын нийт шугамын дагуу санаачилгыг гартаа авсан тул Таурус пуужинг нийлүүлэх нь байлдааны ажиллагааны явцад нөлөөлөхгүй” гэдгийг дурджээ.


В.Путин цааш нь ярихдаа, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахад Герман улс зуучлагчаар оролцох боломжийг үгүйсгэсэн байна. Москвагийн үзэж байгаагаар, Германы тал Украин танк нийлүүлж, байлдааны ажиллагаанд оролцож байгаа учраас төвийг сахигч тал болж чадахгүй ажээ.


“Украинд төдийгүй Оросын газар нутагт, Курс мужид Германы техникүүд байсан” гэдгийг В.Путин дурдсан байна.

Тэрбээр Германы канцлер Ф.Мерцтэй шууд холбоо барих боломжийг үгүйсгээгүй бөгөөд “хэрвээ ноён канцлер утсаар ярихыг хүсвэл бид татгалзахгүй, үргэлж нээлттэй байгаа” хэмээн хэллээ.


Тодорхой цаг үед манай Европын түншүүд тулалдааны талбарт стратегийн хувьд биднийг ялагдуулахаар санаархаж, хэлхээ холбоогоо өөрсдөө тасалсан. Өөрсдөө тасалсан бол өөрсдөө сэргээнэ биз дээ гэж Оросын Ерөнхийлөгч хэлэв.     

関連ニュース