НҮБ: Газыг сэргээн босгоход 70 тэрбум доллар шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-15 16:35:20

ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /KAZINFORM/. Газын зурвасыг сэргээн босгоход 61 тэрбум евро шаардлагатай болно, гэхдээ хүлээн авах санхүүжилтийн хэмжээнээс сэргэн босголтын явц хамаарна гэж НҮБ мэдэгдлээ.  


Гал зогсоосны дараа аль болох ойрын хугацаанд сэргээн босголтын ажлыг эхлүүлэхийг тус байгууллага уриалсан байна.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Палестинд туслах төслийн удирдагчийн тусгай төлөөлөгч Яко Силлиерс мягмар гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “сэргээн босголтыг эхлүүлэхийн өмнө байлдааны ажиллагааны явцад эвдрэн сүйрсэн барилгуудын нурангийг цэвэрлэх, 55 сая гаруй тонн барилгын хог хаягдлыг зөөж зайлуулах шаардлагатай байна” гэлээ.   


НҮБ, Европын Холбоо, Дэлхийн банкнаас хамтран хийсэн үнэлгээгээр, Газыг сэргээн босгоход 70 орчим тэрбум доллар /61 тэрбум евро/ шаардлагатай байна.


Я.Силиерсийн ярьснаар, эвдрэл сүйрлийн цар хүрээг тодорхойлохын зэрэгцээ эн түрүүнд ямар районуудыг сэргээн босгох вэ гэдэг нь чухал асуудал юм, Газыг бүхэлд нь сэргээн босгож чадахгүй байж магадгүй гэлээ. Мөн ойрын гурван жилийн хугацаанд Газын сэргээн босголтод 20 тэрбум доллар зарцуулна гэдгийг тэрбээр дурдав.


Үүний сацуу сэргээн босголтын ажил хэзээ дуусах талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй, хүлээн авах санхүүжилтийн хэмжээнээс бүх зүйл хамаарах бөгөөд хэдэн арван жилийн хугацаанд сэргээн босголт үргэлжилж магадгүй гэдгийг НҮБ-ын төлөөлөгч хэллээ.   


Израилын цэргүүд Газаас гарч явж буй энэ өдрүүдэд олон мянган палестинчууд гэр орондоо эргэн ирж байна

関連ニュース