Дэлхийн банкны Санхүүгийн ахлах мэргэжилтэн Патрик Пикер Ума ТеТег хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Санхүүгийн ахлах мэргэжилтэн, бүс хариуцсан зохицуулагч Патрик Пикер Ума ТеТегийг Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол хүлээн авч уулзсан байна.
Патрик Пикер Ума ТеТе хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, тус банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэж, холбогдох дүгнэлт зөвлөмж ирүүлж буйд талархлаа. Цаашид үр дүнтэй хамтран ажиллах, аудитын нөлөө, чанарын хяналтыг сайжруулах, төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн аудит хийлгэх, дараа жилийн санхүүгийн тайлангийн аудит хийх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт өгөх тусгай шаардлагаа тодорхойлох зэрэг ажлын талаар саналаа илэрхийлжээ. Мөн Үндэсний аудитын газрын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдсан байна.
Уулзалтад Үндэсний аудитын газрын Санхүү,
нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэл,
нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, арга зүй
хариуцсан менежер Ц.Хосжаргал, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурийн
төлөөлөгчийн газрын худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал,
санхүүгийн мэргэжилтэн М.Цолмончимэг нар байлцжээ.