ЗАВХАН: Улиастай сумын дулааны шугамыг бүрэн шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын шугам сүлжээг шинэчлэх барилгын ажлыг эхлүүллээ.
Улиастай сумын Жинст, Богдын гол багуудын албан байгууллага, айл өрхийн дулааны өгөх буцах, халуун усны өгөх буцах, цэвэр усны гэсэн 5 хос, нийт 43.5 км урттай шугам сүлжээ тавигдах юм.
2027 он хүртэл үргэлжлэх уг ажлын нийт төсөв нь 18.6 тэрбум төгрөг юм. Шугам сүлжээний зураг төслийг “Кингсий инженеринг” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр “Биг монголиа билдинг” ХХК ажиллаж байна.
Улиастай сумын Дулааны станцын 2-р хэлхээний шугам сүлжээний бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож айл өрхийн тав тухыг алдагдуулахгүй байхаар ажлыг шуурхайлах, хийгдэх ажлын хугацаа, урьдчилсан мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх.
Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй байхаар ажлаа явуулахыг гүйцэтгэгч компани болон холбогдох албан тушаалтнуудад зөвлөв.
Мөн өнгөрсөн жил Өлзийт багт 22,5 км цэвэр усны шугамын ажлыг эхэлсэн. Дулааны станцын 1-р хэлхээний хүрээнд 15 км шугам тавина. Ийнхүү 2027 он гэхэд Улиастай хотод эдгээр гурван багц ажлын хүрээнд нийтдээ 81 км урт, дулаан болон цэвэр усны шугамыг хийнэ.
Түүнчлэн Жаргалант, Чигэстэй, Товцог багуудад шугам сүлжээ тавих ажлыг төлөвлөж байна гэдгээ ярилаа.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр
Улиастай сумын шугам сүлжээний бүтээн байгуулалтыг нээв