Гашуун сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Боомтын сэргэлт” хөтөлбөрт багтсан энэхүү төсөл
нь Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй стратегийн ач
холбогдол бүхий чухал ажил юм. Төслийг
хэрэгжүүлэх зорилгоор Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Төмөр замын
барилгын гүүрийн инженерийн товчоо групп” энэ сарын 9-ний өдөр барилгын ажлыг
гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ дагуу төмөр замын хил холболтын төслийн
гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, барилгын ажлын албан ёсоор
эхлүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалтыг нийт 32.6 км урттай, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ хийхээр төлөвлөсөн. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтаж буй юм. Үүнийг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Энэ нь зөвхөн дэд бүтцийн
хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй нүүрсний экспортын хэмжээг одоогийн 83
сая тонноос 165 сая тоннд хүргэх зорилготой. Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмодын
чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдснээр 1 тонн нүүрсийг 100
ам.доллароор тооцвол нийт 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох боломжтой.
Төмөр замын тээврээс жилд 250-300 сая ам.долларын орлого төвлөрөх бөгөөд ДНБ-д
1000 ам.доллароор нэмэгдүүлэх эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр
замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг
төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэх аж.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэржав тэргүүтэй удирдлагууд, БНХАУ-ын “Чайна Энержи”-ийн“Ганцмод рэйлвэй инвестмент” ХХК-ийн захирал Вань Шанжюнь, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн дэд нарийн бичгийн дарга Ли Гуочян болон бусад төлөөллүүд инеженер, техникийн ажилчид оролцлоо.