Барилга, дэд бүтцийн салбарын гэрээний маргааныг шуурхай хугацаанд шийдвэрлэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-04 18:17:26

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэргэдэх “Барилга, дэд бүтцийн Олон улсын Арбитр”-ын нээлт боллоо.


Барилгын үндэсний ассоциацаас төрөлжсөн арбитр байгуулах санаачилгыг өнгөрсөн онд гаргаж ийнхүү ажил хэрэг болгосон юм. Арбитрын байгууллага нь барилга, дэд бүтцийн төслүүдтэй холбоотой үүсэж болзошгүй маргааныг олон улсын жишигт нийцүүлэн, хараат бус, мэргэжлийн түвшинд шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэний болон үйлдвэрлэлийн барилга, замын байгууламж, эрчим хүч, уул уурхайн төслүүдийн хүрээнд хуулийн этгээд хооронд байгуулагдсан бүх төрлийн гэрээ, FIDIC, EPC төслийн зэрэг нарийн төвөгтэй, өндөр өртөг бүхий гэрээнүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хөндлөнгийн дүгнэлт өгөх юм. Мега болон бүх төрлийн барилгын төслийн хүрээнд үүссэн маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэж хугацаа алддаг бол арбитр нь зөвхөн нэг шаттайгаараа онцлог аж.


МБҮА-ийн дэргэдэх Барилга, дэд бүтцийн олон улсын арбитрын ТУЗ-ын дарга Б.Баасансүрэн ярихдаа, “Барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед төслийг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нэн чухал. Гэвч энэ салбарт маргаанаас үүдэн ажил удах, зогсох тохилдол олон. Төрөлжсөн арбитртай болсноор маргааныг хараат бусаар нөлөөлөөс ангид, асуудлыг шүүхэд очихоос өмнө эвлэрүүлэн зуучлах боломжтой болсон. Түүнчлэн инженер, эрх зүйч давхар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчинг ажиллуулж буйгаараа онцлог. Тухайлбал, Бид арбитрын сонгон шалгаруулалтыг зарлаж, 35 арбитрчийг шалгаруулсан. Тэд өнөөдөр тангарагаа өргөн ажлаа эхлүүлж байна. Арбитрчдын дөрөвний нэг нь докторын зэрэгтэй, эрх зүйн мэргэжлээс гадна 50 хувь нь инженер санхүүгийн хос мэргэжилтэй. Тал талын мэдлэгтэй мэргэжилтнүүд асуудлыг илүү богино хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.



 




関連ニュース