Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-30 10:39:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ.


“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих  ажил үргэлжилж байна. Одоогоор 1.2 км-ийг барьсан байна.


Тус бүтээн байгуулалтын ажлыг хийж буй “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба ярихдаа, “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч байна. Эдгээр газар орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Одоогоор түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Замын хөдөлгөөнд саад учруулахгүй бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж байна” гэлээ.


Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж буй аж.


УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн, “Түшиц хананы ажлыг дуусахаар тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд  ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв. 





関連ニュース