М.Дагва: Чухал ашигт малтмалыг дунд түвшинд боловсруулах үйлдвэртэй болохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-05-29 16:45:20

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын чухал ашигт малтмалын ассоциациас “Чухал ашигт малтмал, Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт семинарыг МУИС-ийн номын санд өнөөдөр зохион байгууллаа.


Энэ үеэр тус ассоциацийн тэргүүн М.Дагваас цөөн асуултад хариулт авав.


-Чухал ашигт малтмал гэдэгт ямар металл, элементүүд ордог юм бэ?

-Шинээр батарейн аж үйлдвэр гэж бий болжээ. Дэлхий дээр энэ салбар хурдан хөгжиж, маш том боломж гарч ирлээ. Батарейд ордог лити, никель, цахиур, бал чулуу, зэс, молибден гэх мэт металл орно.


Дэлхий нийтэд газрын тос, байгалийн хий, нүүрс шатаагаад цахилгаан гаргаж авдаг байсан. Цаашид сэргээгдэх эсвэл өөр эрчим хүч хэрэглэх нь улам тодорхой болж байна. 2040, 2050 он гэхэд уламжлалт эрчим хүчнээс илүү сэргээгдэх эрчим хүч зонхилох болов уу. Уламжлалт эрчим хүч гаргаж авахад зэс, вольфром зэрэг метал маш их хэрэглэдэг. Тэр элементүүд болон сансрын болон хиймэл оюун ухааны гэх мэт өндөр технологийн эд ангиудад хэрэглэгддэг түүхий эдийг  чухал ашигт малтмалд мөн хамруулдаг. Үелэх системийн доод талд баганаар тусгаарлагдсан, цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийг чухал ашигт малтмал гэж багцалж ойлгож болно.


-Глобал чиг хандлага дэлхий нийтэд ямар байгаа вэ?

-Дэлхий нийтээр ковидоос хойш чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг шинэчилж, шинээр зарласан. Цагаан алтны бүлгийн элементүүд, газрын ховор элемент, зэс зэрэг нь улс орнуудын шинэчилсэн, зарласан жагсаалтад давтагдаад эхэллээ. Глобал чиг хандлагыг харвал, чухал ашигт малтмалыг ойрын 10 жилд дэлхий нийт нэг утгаар ойлгоно. 


Манайх шиг өндөр технологийн аж үйлдвэргүй, чухал ашигт малтмалын олборлолт явуулаад бусад оронд нийлүүлдэг улсууд бий. Түүнийг хүлээн авсан орнууд гүйцээн боловсруулдаг хандлага хуучирч байна. Тэгвэл одоо олборлогч орнууд газар дээр нь ямар нэг хэмжээгээр боловсруулдаг болох юм. Тухайлбал, Австралийн баруун муж литийг чулуунаас олборлодог. Дэлхийд энэ олборлолтоороо тэргүүлдэг. Тэднийх нутаг дэвсгэр дээрээ батарейны үйлдвэр байгуулна гээд ярьж эхэлсэн байх жишээтэй. Канад дэлхийн уул уурхайн том олборлогч улс. Гэтэл тухайн улсын Онтеро мужийн нутаг дэвсгэрт ХБНГУ-ын Мерседенс-Бенз, Волксваген зэрэг том машин үйлдвэрлэгчид батарейны үйлдвэр бариад эхэлсэн.


Ашигт малтмалын том хүчин чадалтай орнуудын нутаг руу боловсруулах дунд шатны үйлдвэрүүд дээрхийн адилаар нүүх, түүнийг дагасан хөрөнгө оруулалт нэмэгдэх чиг хандлага гарч байна. Өндөр хөгжилтэй орнуудын ашигт малтмал боловсруулах тогтолцоо өөрчлөгдөж, олборлогч орнууд нутаг дэвсгэр дээрээ ашигт малтмал боловсруулдаг болох төлөв ажиглагдаж байна.


-Монгол Улс дэлхийн энэ бодлоготой өөрийнхөө бодлогыг яаж уялдуулдаг юм бол?

-Манай улс аж үйлдвэрийн бодлогыг сүүлийн үед их тавьж байгаа. Зэс хайлах болон гангын үйлдвэр, нефтийн үйлдвэр гээд гарцаагүй амин чухал сууриа баримтлах шатанд явж байна. Түүний дараагийн шат нь чухал ашигт малтмалыг дунд түвшинд боловсруулах, дунд үйлдвэр олноор байгуулах, тэр нь аж үйлдвэр технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс маягаар багцлагдах хөгжлийн шат гарч ирнэ.


Аж үйлдвэрийн 2-3 үе шатыг Монгол Улс дамжих байх аа. Манай ассоциаци чухал ашигт малтмалыг боловсруулахад төр засаг болон олон нийтийн анхаарлыг түлхүү хандуулахыг зорьж ажиллаж байгаа. Бид “чухал ашигт малтмалын замын зураг” гэдэг бичиг баримтыг энэ семинараар хэлэлцүүлж байна. Энэхүү замын зураг бол ийм төрлийн үйлдвэрүүдийг хэрхэн байгуулахад чиглэх юм.

関連ニュース