Олон улсын сувилагчдын өдөр: Эрэгтэй сувилагчийн эрэлт өндөр ч цөөн бэлтгэгддэг
ТОЙМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог энэ өдрийг манай улс 1995 оноос хойш тэмдэглэж байгаа юм.
Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын
хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 60-аас
илүү хувийг нь бүрдүүлдэг. ДЭМБ-ын тооцоолсноор 2030 онд тогтвортой хөгжлийн
зорилт эрүүл мэнд, сайн сайхан байдалд хүрэхийн тулд дэлхий нийтэд 9 сая
сувилагч, эх баригч шаардлагатай гэж буй.
2023 оны байдлаар манай улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад нийт 14,494 сувилагч ажиллаж байгаагаас 510 орчим нь эрэгтэй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн байна гэсэн судалгаа бий.
Сувилагчдын өдрийг тохиолдуулан Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн
алба болон тус эмнэлгийн эрэгтэй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг онцоллоо.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа, “Манай эмнэлэг 374 сувилагчтай, дийлэнх нь залуу сувилагч. Тэдний 15 нь л эрэгтэй сувилагч, тусгай мэргэжилтэн. Залуу эмэгтэй сувилагч нар жирэмсний амралтаа авах, хүүхдээ харж асрах зэргээр зайлшгүй ажлаас чөлөөлөгдөх үе байна. Харин эрэгтэй сувилагчдад тийм асуудал байхгүй болохоор тасралтгүй ажилладаг сайн талтай. Өөр өчнөөн сайн тал эрэгтэй сувилагч нарт байдаг. Мөн эрэгтэй сувилагч нэн шаардлагатай тасгууд гэж бий. Тийм болохоор эрэгтэй сувилагч авч ажиллуулах сонирхол их байдаг ч цөөн бэлтгэгдэх юм даа” гэж байлаа.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч Д.Болор-Эрдэнэ:
-АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар анагаах ухааны сургуулийг 2015 онд Уламжлалт анагаахын сургуулийг арга зүйч мэргэжлээр төгссөн. Эхлээд хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хоёр жил ажилласан. Дараа нь мэс заслын мэргэжил дээшлүүлэх курст сураад чих хамар хоолойн мэс заслын сувилагчаар тасралтгүй ажиллаж байна. Анх ажилд орж байсан үеийнхтэй харьцуулахад ажлын ачаалал нэмэгдсэн. Монголчуудын 70-80 хувь нь чих хамар хоолойн өвчлөлтэй байна гэсэн судалгаа байдаг.
Өдөртөө 6-8 мэс засалд ордог. Хамрын амьсгаа сэргээх болон хугарал засах, хамрын хэлбэр засах, чихний хэнгэрэг нөхөх, цэвэрлэх, хоолойны мах авах, бамбайн гэх мэт маш олон төрлийн хагалгаанд орж ажилладаг.
Тасагтаа эрэгтэй ганц сувилагч нь би. Өвчтэй, хагалгаанд орсон, орох гэж байгаа хүмүүстэй өдөр тутам харилцаж ажиллахад эрэгтэй сувилагч олон талаар маш их хэрэг болдог санагддаг. Үгүйдээ л хүч, хурд, зориг шаардсан зүйл дээр арай давуу байдаг юм болов уу.
Мэс заслын тусламж үйлчилгээг тухайн хүн нэг л удаа авах учир сувилагчийн хариуцлага асар өндөр, ажлаа найдвартай, төгс, нямбай хийх үүрэг хүлээж байдаг хүмүүс л дээ. Мэс засалд орсон үйлчлүүлэгч маань сэргээд тасаг руу шилжиж, эрүүл саруул болсноо илэрхийлж байхыг харах үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байдаг. Маш их завгүй ажилладаг учраас ямар ч бухимдал мэдрэгдэхгүй л ажлын өдрүүд өнгөрдөг.
Хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэдэг энэ том айлын нэгэн гишүүн болж эрүүл мэндийн манаанд хамт олонтойгоо зэрэгцэн зогсож байгаагаараа бахархдаг. Цаашид энэ сайхан мэргэжлээрээ тасралтгүй ажиллана л гэж бодож явдаг.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв
эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэн М.Эрдэнэбаяр:
-Би 2021 онд АШУҮИС-ийн дүрс оношилгооны
техникчийн мэргэжлээр төгсөөд л энэ эмнэлэгт ирж ажилласан. Манай эмнэлэг 24
цагаар компьютер томограф, рентген, MRI шинжилгээ, оношилгоо үйлчилгээ хийдэг
болохоор ажлын ачаалал их л дээ.
Сувилагч мэргэжлээр суралцдаг эрэгтэй оюутан цөөн боловч дүрс оношилгооны чиглэлээр бол ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд суралцдаг. Энэ утгаараа манай тасагт ихэвчлэн эрэгтэй мэргэжилтэн ажилладаг. Миний ажил бол техник тоног төхөөрөмжтэй харьцаж хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлдэг онцлогтой ажил.
Өдөр ирэх тусам л ажил мэргэжилдээ сонирхолтой, дуртай болдог юм байна. Ихэвчлэн онош нь тодорхой бус үйлчлүүлэгч ирж оношоо техникийн дэвшлийн тусламжтайгаар нарийвчлан тодруулахаар манай тасагт хандаж байгаа учраас бидний ажлын хариуцлага ч асар өндөр.
Мөн олон янзын хүмүүстэй өдөр тутам харилцдаг
учир тэвчээртэй байх, зан харилцаан дээрээ өөрийгөө улам илүү хөгжүүлж ажиллах
шаардлага гардаг. Мэдээж эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар
сэтгэл зүйн хувьд бухимдалтай, тогтворгүй болчихсон явах нь олон л доо. Тэр
бүхэнд харилцаа хандлагаа аль болох аятай байлгахыг хичээдэг. Тархины харвалт,
зүрхний шигдээсээр залуу хүмүүс өвчлөх нь элбэг болж байгааг өдөр тутам харж
байгаа болохоор сэтгэл эмзэглэж явдаг. Залуустаа элдэв хорт зуршлаас хол байж эрүүл
зөв амьдрах хэв маягийг эрхэмлээсэй гэж хэлэхийг хүсдэг.
Олон улсын түвшний оношилгоо шинжилгээ хийж,
дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг энэ том
эмнэлэгт сувилагч, тусгай мэргэжилтэн гэсэн хариуцлагатай ажил хийж яваадаа
сэтгэл хангалуун явдаг.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв
эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтэн Э.Сугар-Өлзий:
2017 онд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн
хөдөлгөөн засалч мэргэжлээр төгссөн. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэргээн
засах төвд гурван жил ажиллаж байна. Тархины харвалт, зүрхний шигдээсийн дараах
сэргээн засах хөдөлгөөн заслын эмчилгээ хийдэг. Энэ төрлийн эмчилгээ хийлгэж
байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ачаалал даах чадвар нь алдагдаж буурсан байдаг.
Тэр алдагдсан чадварыг нь нөхөн сэргээхийн тулд эхлээд тусгай сорил хийж,
сорилын хариуны дагуу эмчилдэг. Нуруу, хүзүү, тархины гэмтэл, харвалтаас
үүдэлтэй өвчин зовиуртай маш олон хүн манай эмнэлэгт ханддаг учир өдөр тутмын
ачаалал өндөр байдаг. Гэхдээ ачаалал гэж харалгүйгээр ажилладаг.
Харвалттай, алхах чадвараа алдсан, тэргэнцэр дээр суудаг болсон хүн ирээд манай хамт олны, миний үзүүлсэн эмчилгээ сувилгаагаар хөл дээрээ гишгэж чаддаг болоод босоод явахыг харах л ажил мэргэжлийн маань хамгийн сайхан нь.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв
эмнэлгийн сувилагч Б.Зул-Очир:
-1998 онд Анагаах ухааны коллеж гэж байх үед
бага эмч, сувилагч мэргэжлээр төгссөн. Одоо би Ерөнхий мэс заслын тасгийн
боолтын сувилагчаар ажилладаг. Бидний ажлын ачаалал их байдаг ч өвдсөн, тусламж
хэрэгтэй хүмүүст мэргэжлийн тусламж үзүүлж, эмнэлгээс гаран гартал нь анхаарал
тавьж ажиллах үүрэгтэй учраас ядарлаа гэж бодохын ч завдалгүй л ажилладаг.
Сувилахуй гэдэг нь өнөөдөр биеэ даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Нэр хүнд нь ч өсөж байна.
Сувилагч мэргэжил эрэлт хэрэгцээтэй, үнэ цэн нь ч нэмэгдэх болж байгаа нь надад бахархалтай сайхан байдаг. Тэр хэрээр сувилагч нарын чадвар мэдлэг даган нэмэгдэж байгаа байх гэж боддог. Намайг анх энэ эмнэлэгт ирж ажиллаж байхад эрэгтэй сувилагч надтай нийлээд хоёрхон л байлаа.
Бат-Эрдэнэ гэдэг тэр сувилагч маань одоо Сэтгэцийн
эрүүл мэндийн Үндэсний төвд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ер нь ч миний үеийн
эрэгтэй сувилагч тун цөөн. Нэг үе би ганцаархнаа эрэгтэй сувилагч нь байлаа.
Эрэгтэй сувилагч ирлээ ч эмч болоод л яваад өгдөг байсан юм. Харин сувилагч
мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэх тусам эрэгтэй хүүхдүүд энэ мэргэжлийг сонгон
суралцах сонирхол нэмэгдэх болсон байна уу даа гэж харж байна. Үүнд би их баяртай
явдаг болсон шүү. Би нэг хэсэг хугацаанд магистр зэрэг хамгаалаад боловсролын
салбарт ажиллаж үзсэн. Гэхдээ сувилагчаа хийх нь л надад сайхан юм байна
гэдгийг ойлгосон учраас энэ эмнэлэгтээ эргэж ирээд ажиллаж байна. Тэтгэвэртээ
гартлаа тууштай ажиллана.
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв
эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа:
-Манай Сувилахуйн алба анх 1999 онд байгуулагдсан. Тухайн үед 200 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн байсан бол өнөөдөр энэ тоо 374 болж алба маань өргөжжээ. Бүхий л тасгийн ачаалал их байдаг. Тэр хэрээр сувилагчдын ачаалал өндөр. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын чиглэлийн эмчилгээ үйлчилгээний ачаалал урьд урьдынхаас их байх болсон. Зүрхний шигдээс, харвалтын үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын маань ажлын ачаалал харьцангуй их байна.
Эмнэлэг 22 тасагтай, тасаг бүр ахлах сувилагчтай. Цар тахал дэлхий нийтийг цочоосон цагаас эхлэн сувилагч нарын дутагдал эхэлсэн гэж хэлж болно. Манайд ч мөн ялгаагүй сувилагч хомс болсон учир манай эмнэлгийн хувьд сувилагчийн дутагдалд орохгүй байх тал дээр ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна.
Гэсэн хэдий ч яг хангалттай
хэмжээнд тоо бүрэн байж чадахгүй л байгаа. Ингэхээр нэг сувилагчид ногдох ажлын
ачаалал их байхаас аргагүй болоод байгаа хэрэг. Гэхдээ бид сувилагчдынхаа ажлын
ачааллыг тэнцүүлэх зорилгоор хүнээ, ажилтнаа бодсон зохицуулалтыг дотооддоо хийхийг
зорьдог. Мөн шинээр ажилд орсон сувилагч нарыг тогтвортой ажиллуулах тал дээр
анхаарч, ажлын ачааллыг, тэнцүүлэх цагийн зохистой, уян хатан менежмент
нэвтрүүлж байна. Мөн сүүлийн жилүүдэд шинэ сувилагч нараа танилцуулах өдөрлөг хийх,
боловсролын байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулдаг уламжлал тогтоож
байна.
Орон сууцны зээлд хамрагдахад нь дэмжлэг
үзүүлэх, гэрээт байгууллага, банкуудтай хамтарч ажиллах, төгсөх ангийн
оюутнуудыг ажлын байраар хангах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэ залуу
сувилагч нарт урамтай ажиллахад нь дэм болохыг эрмэлзэж байна. Энэ нь ч
тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна гэж хардаг. Мөн хүүхэд асрах чөлөөндөө
байгаа сувилагч нараа цагаар ажиллах боломж бүрдүүлж өгч байгаа. Шинэ сувилагч
нар луу чиглэсэн дасан зохицлын судалгаа авч үр дүнг нь тооцох, сэтгэл
ханамжийг нь нэмэгдүүлэх зэргээр төрөл бүрийн ажил санаачилж ажиллахыг хичээж
байна. Мөн шинэ сувилагч нарыг ур чадварт сургах, суралцуулах үйл ажиллагааг үе
шаттай хийж сургалтын хөтөлбөр гарган ажиллаж байна. Ингэж залуу халаагаа
бэлдэж, тэднийг дэмжин туслаж ажиллавал бидний эрүүл мэндийн манаанд зогсож буйн
зорилго биелж буй хэрэг шүү дээ.