Зөвхөн самнасан ноолуурыг 7 дугаар сараас экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-10 12:23:04

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ жил өвөлжилт хаваржилт хүнд, зудтай байснаас малчид ноолуураа хожуу самнаж эхэлсэн байна.


ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн мэдээллээр малчид өнгөрсөн жил 4 дүгээр сарын 10-наас эхлэн ноолуур тушааж байсан бол энэ жил 4 дүгээр сарын 20-нд эхний ноолуур орж иржээ. Зудад 3 сая ямаа хорогдсон дүнгээр тооцоход энэ хаврын ноолуур бэлтгэл нэг мянган тонноор дутуу байх талаар мэдээллээ.


“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ кг нь:

Зүүн бүсийн аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Баруун аймгуудад 150.000-155.000 төгрөг,

Төвийн аймагт мөн 150.000-155.000 төгрөг,

Говийн аймгуудад 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байна.


Өнгөрсөн оны хавар кг нь 160 мянган төгрөгөөс эхэлж байсан ноолуурын үнэ ханш энэ хавар 185 мянган төгрөгөөс эхэлжээ. Ноолуур кг нь 120-155 мянган төгрөг байна.


Манай улс ноолуурыг угаасан болон самнасан байдлаар экспортолж байна. Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-нд гаргасан тогтоолоор ноолуурыг зөвхөн самнасан хэлбэрээр гаргахаар болсон. Уг тогтоолыг энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.


Самнасан ноолуурын гол импортлогч орон нь Итали улс болжээ. Удаалаад БНСУ, Энэтхэг, Франц, Япон зэрэг улс орж байна. Угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д гаргадаг.


Нэмж мэдээлэхэд, манай улс сүүлийн жилүүдэд дунджаар 9500 тонн ноолуур бэлтгэж байна. Үүнээс 7000 тонныг экспортод гаргадаг. Үлдсэн 2500 тонныг дотоодын үйлдвэрүүд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг. 2023 онд ХАА-н биржээр дамжуулан 6300 тонн ноолуур экспортод гаргажээ. 

関連ニュース