Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-02 11:25:37

МЕЛЬБУРН, 2024 оны тавдугаар сарын 2 /DW/. Манай улс Австрали, Их Британи, АНУ-ын хооронд байгуулсан АУКУС батлан хамгаалах гэрээнд оролцох талаар хэлэлцэж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон Сик лхагва гарагт мэдэгджээ.


Шин Вон Сик Австралийн Мельбурн хотноо болсон Австрали, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Өнөөдрийн уулзалтын үеэр бид “АУКУС-ын хоёрдугаар үе шат”ай хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан гэж Шин Вон Сик хэлжээ. Энэ нь дуунаас хурдан зэвсэг, нисгэгчгүй онгоц болон бусад дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд чиглэсэн хэлэлцээр юм.  


АУКУС гэрээний тухайд

2021 онд байгуулагдсан АУКУС нь Ази, Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятад улсын нөлөөллийг тогтоон барих хоёр үе шаттай аюулгүй байдлын гэрээ юм. Нэгдүгээр үе шатны хувьд Австралийг цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцоор хангахад чиглэж байгаа юм. Өмнөд Солонгос энэ төслийн нэг хэсэг болох төлөвгүй байна.


Харин хоёрдугаар үе шат нь хиймэл оюун ухаан, шумбагч дрон, дуунаас хурдан пуужин зэрэг байлдааны дэвшилтэт чадавхыг хөгжүүлэх зорилготой ажээ. Шин Вон Сик хэлэхдээ, АУКУС-ын хоёрдугаар шатны үйл ажиллагааг бид дэмжиж байгаа бөгөөд гишүүд Солонгосыг энэ үе шатны түнш гэж үзэж байгаад баяртай байна гэв.


АУКУС түнш хайж байна

Австрали, Их Британи, АНУ-ын тал бусад түншүүдийн хувьд энэ гэрээнд оролцох нь нээлттэй гэдгийг мэдэгдээд байгаа бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг улсууд уг гэрээнд оролцох талаар эргэцүүлж байгаа ажээ.


Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес лхагва гарагт хэлсэн үгэндээ, Солонгос бол үнэхээр гайхалтай технологитой орон юм гээд АУКУС-ын хоёрдугаар үе шат хөгжихийн хэрээр ирээдүйд боломжууд бий болно хэмээн бодож байна гэжээ.


Өнгөрсөн сард дээрх гэрээнд оролцогч талууд Япон улстай хоёрдугаар үе шатны батлан хамгаалахын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ онд холбогдох хэлэлцүүлгийг хийнэ гэсэн юм.


Харин АУКУС гэрээг эрс эсэргүүцдэг Хятадын тал дөрөвдүгээр сард мэдэгдэхдээ, шинэ гишүүдийг нэмэх нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгоно гэсэн байна.


Номхон далайд Хятадын нөлөө өсөхийн хэрээр Вашингтон хоёр болон олон талын гэрээ хэлэлцээр байгуулан холбоотнуудаа нэгтгэх оролдлого хийх замаар хариу арга хэмжээ авч байна.

関連ニュース