Зохиолч, яруу найрагч Г.АЮУРЗАНЫН “Бөөгийн домог” номын өдөрлөг Женев хотод болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-01 09:08:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт ярилцлага Женев хотноо боллоо. 


Швейцар, Монголын 40 гаруй уншигч оролцсон уулзалтын үеэр зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэл, орчуулсан туршлагаасаа хуваалцаж, уншигч сонирхогчдын асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлэв. 


Азийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг франц хэлтэй уншигчдад танилцуулдаг Францын “Editions Jentayu” хэвлэлийн газраас МЗЭ-ийн “Алтан өд”, “Гоомарал” наадмын 2010 оны шагналт “Бөөгийн домог” романы франц хэлээрх орчуулга “La Legende du Shaman” номыг энэ оны нэгдүгээр сард хэвлэн гаргаж, Франц, Бельги, Швейцарын хотуудад цуврал уулзалт танилцуулга хийж байгаа ажээ.    


Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монголын орчин үеийн утга зохиолын томоохон төлөөлөл, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын бүтээлийг таниулах ажлыг Францын “Editions Jentayu” хэвлэлийн газар, Женев хотын “Le vent des routes” номын сан, Францын “uRYa” студийн уран бүтээлч, Францын “The Voice” шоуны оролцогч, морин хуурч, хөөмийч Мишель Абрахам нар хамтран зохион байгууллаа гэж Женев дэх Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.


"Бөөгийн домог” нь зохиогчийн дөрөв дэх роман бөгөөд энэ номонд Буриад түмний үндэс угсаа, соёл ухамсарын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн дүрсэлж, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндөж бичжээ.







関連ニュース