Сурагчдын “Бие даалтын 7 хоног” энэ сарын 20-ноос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-15 12:15:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.


Энэ шинэчлэлтээр сурагчид арав болон гуравдугаар сард “Бие даалтын 7 хоног”-той болсон юм. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилийн эхний “Бие даалтын 7 хоног” энэ сарын 20-ноос эхэлж байгаа бөгөөд эдгээр өдрийг хичээллэх хугацаанд оруулж тооцох ажээ. Долоо хоногийн хугацаанд сурагчдыг таних мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, урлаг, спортын үйл ажиллагаанд түлхүү оролцуулах юм байна. 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас гурван улиралтай байхаар танилцуулсан.


Ид хүйтний үед хүүхдүүдийг урт амраахаар болсон. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан гэсэн үг. Ингэснээр бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амраад, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ.

関連ニュース