“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-04-19 10:59:53

ШАНХАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /TASS/. "Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь гараа буюу Хятадын Гран При өнөөдөр эхэлж байна. Энэ нь спринт уралдааны төрөлд ДАШТ-ий анхны гараа болох юм. 


Энэ онд нийтдээ зургаан ийм Гран При болно. Амралтын өдрүүдэд болох спринт уралдааныг зохион байгуулах хэлбэр бага зэрэг өөрчлөгджээ. Өнөөдөр спринт уралдааны шалгаруулалт явагдах бол бямба гарагт эхлээд 100 км-ийн уралдаан болсны дараа ням гарагт үндсэн уралдааны шалгаруулалт болно. Спринтэд оноо олгох тогтолцоо хэвээр байгаа бөгөөд эхний найман нисгэгчид оноо олгох ба түрүүлсэн нисгэгч найман оноо, наймдугаар байр эзэлсэн нь нэг оноо авна.


Цуврал тэмцээнийг "Ред Булл" баг тэргүүлж байна. Дэлхийн гурван удаагийн аварга Нидерландын уралдаанч Макс Ферстаппен дөрвөн Гран Пригийн гуравт нь түрүүлсэн бол түүний багийн хамтрагч мексик нисгэгч Серхио Перез гурван удаа хоёрдугаар байрт шалгарч, багтаа хоёр хожил авчирсан байна. Австралийн Гран Прид Ферстаппены машин эвдэрсэн нь “Феррари” багийн хамгийн залуу нисгэгч Испанийн Карлос Сайнцад түрүүлэх боломжийг олгосон юм. 


Хятадын Гран Приг 2019 оноос хойш анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх дөрвөн уралдааныг цар тахлын улмаас цуцалсан юм. Шанхайн уралдааны замыг “Формула 1”-ийн ерөнхий архитектор Херман Тилке зохион бүтээсэн бөгөөд анхны уралдааныг 2004 онд зохион байгуулжээ. Уг замын хэлбэр нь "шан" гэдэг ханзтай төстэй. Шанхайн замыг намаг дээр барьсан бөгөөд хөрсөнд 80 м-ийн гүнд 40 мянга гаруй тулгуур шон хийж, дараа нь 400 тонн полиэфирээр дүүргэсэн байна. Замыг тавих нийт өртөг нь 450 сая ам.доллароос давжээ. 


Одоогийн нисгэгчдээс Британийн Льюис Хэмилтон Хятадад хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн бол Австралийн нисгэгч Даниэль Риккардо, Испанийн Фернандо Алонсо нар тус бүр нэг удаа аваргалсан байна. 

関連ニュース