Брент нефтийн үнэ 87.85 ам.долларт хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-02 15:24:59

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /Market Watch/. Америк, Хятадын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж буйтай холбоотойгоор өчигдөр өсөөд байсан газрын тосны үнэ өнөөдөр үргэлжлэн нэмэгджээ.


Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент төрлийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг баррель нь даваа гаргийн арилжаа хаагдах үеийн үнээс 0.43 ам.доллар буюу 0.49 хувиар өсөж, 87.85 долларт хүрчээ. 


Түүнчлэн Нью-Йоркийн барааны биржийн (NYMEX) арилжаагаар Техасын хөнгөн нефтийн /WTI/ тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг баррель нь 0.44 (0.53%) доллароор нэмэгдэж, 84.15 ам.долларт хүрлээ. Өмнөх өдрийн арилжаагаар энэ гэрээний үнэ нэг баррель нь 0.54 (0.7%) доллароор өсөж, 83.71 доллар болсон нь 10 дугаар сарын 27-ноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.


АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын бизнесийн идэвхжил нэмэгдэж байгааг ISM хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн тайлан харуулжээ. “ISM Manufacturing” индекс өмнөх сарын 47.8 нэгжтэй харьцуулахад гуравдугаар сард 50.3 нэгж болж өссөн байна. Шалгуур үзүүлэлт 50 нэгжээс дээш байвал салбарын идэвхжил нэмэгдэж байгааг илтгэнэ. Тус индекс сүүлийн 17 сарын хугацаанд анх удаа энэ түвшнээс давж өссөн байна.


Үүний сацуу Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн худалдан авалтын индекс (PMI) өнгөрсөн сард 50.8 болж өссөн нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Үндэсний статистикийн хороо (GSO) ням гарагт мэдээлжээ. Энэ үзүүлэлт сүүлийн таван сарын хугацаанд анх удаа 50 нэгжийг давсан байна. 


Газрын тосны зах зээлд оролцогчид “ОПЕК+” бүлгийн уулзалтаас гарах шийдвэрийг хүлээсээр байна. Дөрөвдүгээр сарын 3-нд дахин хуралдах тус бүлгийн орнууд олборлолтод тавьсан хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх төлөвтэй байна. 


Түүнчлэн Израилын нисэх онгоцууд өчигдөр Дамаск дахь Ираны консулын газарт агаараас цохилт өгсний дараа геополитикийн хурцадмал байдал даамжрах вий гэсэн болгоомжлол зах зээлд үүсээд байна.

関連ニュース