Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, таатай орчин бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-07-09 12:03:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1990 оноос 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 41.1 тэрбум ам.долларт хүрчээ.


Гадаадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 73 хувийг уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувийг худалдаа үйлчилгээний салбарт хийсэн байна. БНХАУ, Нидерланд, Канад, Люксембург, Сингапур Улсаас нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг оруулсан бол Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалт 40 гаруй хувийг эзэлж байна.

 

Зураг 1. ГШХО-ын хэмжээ, тэрбум ам.доллар

Эх сурвалж: Монголбанк

Уул уурхайн салбарын эерэг хүлээлт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг даган гадаадын шууд хөрөнгө оруулалт 2005-2010 онд жилд дунджаар 27 хувийн тогтмол өсөлттэй байсан бөгөөд 2011 онд 5.7 тэрбум ам.долларт хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 55 хувь болж байв.


Харин 2015 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч багассан нь гадаадын болон дотоодын эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт, үнийн уналтаас шалтгаалан хөрөнгө оруулалт буурч, үүнд нөлөөлсөн гэж үздэг. Үүнээс хойш хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй бөгөөд жилд дунджаар 2.5 тэрбум ам.доллар хүрч, ДНБ-ий 15 хувийг эзэлж байна.


Монгол Улс хөрөнгө оруулалтын чиглэлээр Улс болон гадаад улсын иргэд хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай 1965 оны Вашингтоны конвенц (ICSID), НҮБ-ын Комиссын арбитрын дүрэм (UNCITRAL), Эрчим хүчний Харти зэрэг олон талт гэрээнд нэгдэн орсон. Мөн 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, 26 улстай Давхар татварын гэрээ, Монгол Улс, Япон Улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байна.


Эдгээр хоёр болон олон талт гэрээний дагуу Засгийн газраас хөрөнгө оруулалтын хамгаалалтын үндсэн шударга, эрх тэгш хандах, үл ялгаварлах, хөрөнгийг хууль бусаар хураан авахгүй байх зэрэг баталгааг хангах үүрэг хүлээсэн байдаг бөгөөд үүргээ зөрчсөн тохиолдолд хөрөнгө оруулагчаас Засгийн газрын эсрэг хөрөнгө оруулалтын маргааны нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг байна.  

Гадаад худалдааны таатай нөхцөл бүрдүүлж, экспортын зах зээлийн боломжийг тэлэх зорилгын хүрээнд Монгол Улс нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор БНСУ, БНЭУ, БНХАУ, Шри Ланка, Бангладеш, Лаос руу ойролцоогоор 11 мянган төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжтой болсон. Түүнчлэн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем GSP+ статустай болсноор Европын Холбооны гишүүн орнууд руу 7200 төрлийн бараа бүтээгдэхүүнийг, мөн Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар тус улс руу 5700 төрлийн бараа бүтээгдэхүүнийг мөн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжтой болсон. Иймд зөвхөн Монголд хөрөнгө оруулахаас гадна түүхий эдийн нөөцийг нь ашиглан боловсруулж, үйлдвэрлээд, буцаагаад экспортлох боломжтой байна.


Засгийн газраас хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, институтийн тогтолцоог сайжруулах, төрийн үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулахаар ажиллаж байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх” асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.


Дээрх арга хэмжээний хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг шинээр байгуулахаар болж, долоодугаар сарын нэгнээс үйл ажиллагаа нь эхэлнэ. Уг агентлаг уул уурхайн бус хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, эрчим хүчний салбаруудад хөрөнгө оруулахад хөрөнгө оруулагчдад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэн ажиллана. Тус агентлаг нь хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулахад нэн тэргүүнд анхаарч, гадаадын хөрөнгө оруулах боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.  


Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шинэ техник технологи нэвтэрч, боловсон хүчнийг бэлтгэн чадавхжуулж, дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж, Монголоос дахин экспорт хийх боломжтой болно. Ингэснээр экспортод бараа бүтээгдэхүүнийг гаргах замыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээж өгөх юм. 

Манай улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас бусад, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг түүхий эдийн нөөцтэй салбартаа хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Тухайлбал, хөдөө аж ахуйн чөлөөт бүсүүд, Дорноговь, Өмнөговь аймагт нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нөөцтэйгөөс гадна гангийн үйлдвэр, зэс хайлуулах, арьс шир, газрын тосны үйлдвэр зэргийг нэрлэж болно. Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсүүдэд худалдаа, үзвэр, ложистик гэх мэт үйлчилгээ явуулах ч боломжтой. Чөлөөт бүсийн хуулиар гааль, хөдөлмөр эрхлэлт, татварын тусгай дэглэмтэй, зөвхөн тухайн бүсэд үйлчлэх давуу эрх бий. Засгийн газраас сүүлийн хоёр жилд хил, боомтын хүчин чадлыг нэлээд нэмэгдүүлсэн. Удахгүй Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбочихвол экспортын хүчин чадал илүү хямд өртгөөр, илүү их бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэнэ. Бүх аймгийг хатуу хучилттай автозамаар холбосон гэхчлэн бизнес хийх суурь дэд бүтцээ бүрдүүлээд байгаа юм.


ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анараас сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт саарахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар тодруулахад, “Хөрөнгө оруулалт татахад төрийн бодлого нь тодорхой, хууль эрх зүйн орчин тогтвортой, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл авахад хүндрэл, бэрхшээлгүй байх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, тодорхой байх шаардлагатай. Тухайлбал, хууль эрх зүйн орчинтой холбоотой дотоодын зах зээлээ хамгаалах нэрээр хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аудит, банкны зэрэг 20 гаруй салбарын хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарлалтыг хавтгайруулан тогтоосноос гадна 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан нь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн юм.


Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчийн санал хүсэлт гомдол гаргах, хүлээн авч шийдвэрлэдэг тогтолцоо бүрдээгүй, эрх ашгийг нь хамгаалах газаргүй явж ирсэн нь хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтаа татаж, Монгол Улсаас гарах нэг шалтгаан болж байна. Хөрөнгө оруулагч төрийн байгууллагатай холбоотой гомдол, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд дунджаар 3-6 жил, цаашлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой энэ хугацаа хэдэн жилээр сунжирдаг нь хөрөнгө оруулагчид алданги, хүү зогсох, үйл ажиллагаа нь доголдох олон хүндрэлийг бий болгодог.


Түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд суртал, чирэгдэлгүй шуурхай авч чадахгүй, төрийн хяналт шалгалтын давхардал давтамж зэргийг мөн дурдаж болно” гэлээ.


Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын чиглэлээр авч буй арга хэмжээ, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тодруулахад, “Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, төрөөс үзүүлэх бодит дэмжлэгийн хэлбэрийг тогтоох зэргээр нарийвчлан тодорхойлж тусгаад байна. Мөн зарим салбарын хуулиар хориглоод буй хөрөнгө оруулалтыг хязгаарласан зүйл, заалтыг хүчингүй болгох бөгөөд хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдэх тогтолцоог нэвтрүүлж, олон улсын арбитраар гомдлоо шийдүүлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна.


Түүнчлэн, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай ахуйн нэгжийг хуулийн этгээдийг бүртгүүлэх хугацаа болон тэмдэгтийн хураамжийн төлбөрийн ялгааг арилгаж, одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хуульд газар ашиглуулах хугацаатай холбоотой хийдлийг арилгах, виз, оршин зуух зөвшөөрлийг авах Эдийн засаг, хөгжлийн яамнаас тодорхойлолт авдаг шат дамжлагыг арилгах юм.


Одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд туссан татварын болон татварын бус урамшууллын төрлүүд, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах татварын төрлүүд, Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах зохицуулалт хэвээр хадгалагдана. Төрөөс хийгддэг байгаль орчин, газар, татварын албаны, аймгийн, ерөнхий газрын гээд давхардсан олон хяналт шалгалтыг болиулж, жилд хоёр удаа хамтарсан хяналт шалгалт хийх зэргээр өөрчлөлт оруулахаар ярьж байгаа аж.


Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэлээ. 

関連ニュース