ОРХОН: АНУ-ын Элчин сайдад “Соёл мэдээллийн төв” байгуулах санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-16 17:20:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Орхон аймагт айлчиллаа.  

Аймгийн удирдлагууд ноён Элчин сайд болон Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Кэвин Мүүр, Эдийн засгийн хэлтсийн ажилтан П.Дарьсан, Олон нийттэй харилцах алба, Америкийн төвүүдийн захирал Д.Болормаа  нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн аравдугаар сард АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Орхон аймагт хийж буй түүний энэхүү ажлын айлчлал нь Элчин сайдаар томилогдсоноос хойш орон нутагт хийж буй анхных юм.


Энэ талаар Элчин сайд Ричард Буанган “Орон нутагт хийж буй анхны айлчлалаа Орхон аймгаас эхлүүлж, иргэдийн аж амьдрал, хотын хөгжил дэвшлийг биечлэн харж байгаадаа баяртай байна. Нийгэм, эдийн засгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжсөн танай хотод зочилж байгаадаа их таатай байна” гэлээ.  


Засаг дарга С.Батжаргал уузалтаар хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ  уламжиллаа. Үүнд, АНУ-ын Соёл, мэдээллийн төвийг байгуулах, сайн дурын ажилтнуудыг орон нутагтаа ирүүлэх, сурагч, оюутан солилцоог Эрдэнэттэй холбон хэрэгжүүлэх хүсэлтээ  илэрхийлэхэд  Элчид сайд бүхий л талаар хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.


2007 онд  Орхон аймгийн  удирдлагууд АНУ-ын Аляска мужийн Фэйрбанкс хоттой эгч дүү хотын харилцаа тогтоох санамж бичгийг үзэглэж байсан юм. Үүний хүрээнд Анкориджийн их сургуульд Орхон аймгийн оюутнууд суралцах, Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд Аляскийн уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах боломж нээгдсэн юм. 
Цаашид энэхүү хамтын ажиллагаагаа сэргээж, өргөжүүлэх хүсэлтэй байгаа Засаг дарга С.Батжаргал хэлэхэд Элчин сайд Ричард Буанган талархан хүлээн авлаа.  


Элчин сайд Ричард Буанган аймгийн удирдлагуудыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэн, Эрдэнэт хотын талаар илүү их мэдээлэл авлаа. Энэхүү уулзалтаас Эрдэнэт хоттой хамтын ажиллагааны өргөн  боломж, түүнийг дэмжих, чадавх бийг онцлов.  Мөн тэрээр, Орхон аймагт АНУ-ын Соёл, мэдээллийн төвийг нээснээр хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, найрамдал нөхөрлөлийн бодит бэлгэ тэмдэг болно гэж үзэж байна гэлээ. 

 

関連ニュース