Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчихыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-04 15:34:35

Хот хоорондын тээврийн дэд бүтэц сайжирсантай холбоотой сүүлийн үед осол аваар их гарч, хүний амь эрсдэж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэхээр Авто тээврийн үндэсний төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатар ярихдаа, "Иргэд  хөдөө орон нутаг руу явахдаа ихэвчлэн хурдан хэмээн  хулгайн тээвэр буюу хууль бус хувь хүмүүсийн машин болон автобусанд суух нь ихэссэн. Үүнээс болж олон хүн амь насаа алдлаа. Бидний хувьд олон улсын жишиг, дэлхийн авто тээвэрчдийн холбооноос баталсан дүрэм, журмын дагуу хөдөө орон нутагт 70-80 км/цаг хурдтай явдаг. Манай албан ёсны тээвэрлэлтийн хувьд 2015, 2016 онд ямар нэгэн осол гараагүй. Иймд хөдөө орон нутаг руу явахдаа албан ёсоор хурдыг нь хянадаг, даатгалтай автобусанд суухыг анхааруулж байна" гэв.

ЗЦГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат"2016 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослоор 193 хүн нас барсны 138 нь орон нутгийн замд амь насаа алдсан. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд таван хүн хөдөө орон нутагт явж байгаад амь насаа алдлаа. Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохирлыг хүн бүр ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж  байна. Мөн хулгайн тээвэр бус албан ёсны унааг  сонгож үйлчлүүлэхийг уриалъя” хэмээн онцлов.

Г.Уранчимэг

 

関連ニュース