Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Завхан аймгийн Улиастай суманд АН-ын нэр дэвшигч З.Нарантуяа олонхийн санал авч ялалт байгуулсан. Гэвч уг тойрогт сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил гарсан талаар МАН-аас нэр дэвшсэн Ш.Батсамбуугийн өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийв.
АН-аас нэр дэвшигч З.Нарантуяагийн нөхөр нь СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн аж. Энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, сонгуулийг луйвардах, хууль бус үйлдэл гаргахад нөлөөлсөн гэж Ш.Батсамбуугийн өмгөөлөгч үзэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсон гэв. Өмгөөлөгч О.Мөнхболд “Тус тойрогт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзэн Д.Баяндүүрэнг өөр албан тушаалд шилжүүлэх хүсэлтийг СЕХ-нд 6 дугаар сарын эхээр гаргасан ч “ямар ч зөрчил байхгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2, 3.1.5, зэрэг заалтуудыг зөрчсөн” гэлээ.
Мөн Улиастай сумын Жинст багийн Сонгуулийн хэсгийн хорооны ажилчид бүх нам эвслийн ажиглагчдыг гаргаж байгаад техникийн тооллогыг эхлүүлсэн бөгөөд зөвхөн нэг машинаас 230 орчим тамга тэмдэггүй саналын хуудас илэрсэн гэлээ. Чигэстэй, Жаргалант, Товцог багууд болон Алдархаан, Шилүүстэй сумдаас үүнтэй адил зөрчилтэй 172, нийт 402 ширхэг саналын хуудас гарсан байна.
Түүнчлэн Завхан аймгийн АН-ын штабын ажилтнууд иргэд сонгогчдод мөнгө тараасан, сонгуулийн жил эхэлснээс хойш буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард З.Нарантуяа нь Завхан аймгийн төгсөгчдийн уулзалт тэмцээнд оролцож, шагнал гардуулсан нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж өмгөөлөгчид хэлж байв.
З.Эрэвгийлхам