Коронавирусээр халдварласан нийт 296 хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-09 11:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 350 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.


Тус шинжилгээнд 8 дугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 113 хүн, 8 дугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүн, 8 дугаар сарын 20-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 45 иргэн болон ачаа тээврийн 45 жолоочийн шинжилгээ багтжээ. Мөн тусгаарлах байранд тусгаарлагдсан 20, сувилалд тусгаарлагдсан 10, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, тандалтын зорилгоор цуглуулсан 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний 310 тохиолдол бүртгэгдсэнээс 296 нь эдгэрчээ. Сувилалд 9 хүн, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа бол 258 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 14 хүн эмчлүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.


Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 261 хүний шинжилгээний хариуг маргааш танилцуулах аж.

Ш.Мөнхбаяр

関連ニュース