Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын чухлыг таниуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн
өдрүүд”-ийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн нярайн эмч
Д.Батхишиг жирэмсэн болон шинээр төрсөн, ээж болохоор төлөвлөж буй эхчүүдэд
хандаж зөвлөгөө өглөө.
Жил бүрийн 8-р сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг
эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг
бөгөөд энэ жилийн хувьд тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг
дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.
“Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь
хүүхдийн хоол тэжээл байдаг. Ялангуяа нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь тэдний өсөлт хөгжил, амьдрах чадварыг сайжруулдаг. Дөнгөж
төрсөн хүүхдэд нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулахаас гадна төрсний дараа
эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох хэрэгтэй. Хөхөө хангалттай
хөхөж, хоол тэжээлийн дутагдалд өртөөгүй хүүхдүүд сурах, хөгжих чадвар өндөр
байдгаас гадна сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй гэдэг. Түүнчлэн хүүхдийг
эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд бас сайн нөлөө үзүүлдэг. Тухайлбал,
эхийн дархлаа сайжирч, умай агшина, бас жирэмслэлт хоорондын зай уртасч, хөхний
хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг юм” хэмээн аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Төрөх тасгийн нярайн их эмч Д.Батхишиг хэллээ.
Сүүлийн жилүүдэд шинээр төрсөн ээжүүд сүү орлуулагч
бүтээгдэхүүнүүдийг хүүхдэдээ өгөх тохиолдол олширч байгаа аж. Эдгээр хүүхдүүд нь
эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний зургаан
сарын дотор эндэх эрсдэл хоёр дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл тав дахин
их байдаг гэнэ.