ӨМӨЗО-оос оношлуур, нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас 1 093 460 юань буюу 420 сая төгрөгийн үнэ бүхий 10 000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат полимеразын гинжин урвалын анализатор хандивлалаа.
Хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэлхий нийтэд”COVID-19” халдвар асар хурдацтай тархаж нийт 213 улс орныг хамарч, манай улсад зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн талаар товч мэдээлэв. Мөн тэрбээр, уг коронавирусний халдварыг баталгаажуулах шинжилгээний гол арга болох полимеразын гинжин урвал дээр суурилсан лабораторийн оношлуур, аппарат тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэ нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгааг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ, БНХАУ-ын хувьд “COVID-19” коронавирусний халдварын тархалтыг зогсоож чадсан бөгөөд дэлхийн бусад улс оронд уг халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга барил, зөвлөмжийг түгээж, эмч мэргэжилтнүүдийн цахим хурлыг удаа дараа зохион байгуулах зэргээр өөрсдийн олсон мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцаж байгаагаа хэлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод БНХАУ-аас Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байхгүй байгаа ба цаашид энэ байдлыг хадгалахыг мэдэгдлээ.