Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-04 14:43:39
Дорноговь /МОНЦАМЭ/. Сонгогдсон төлөөлөгчид нь өөр ажилд шилжсэн, төрийн алба хаагч болсон зэрэг тодорхой шалтгааны улмаас Дорноговь аймагт аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг ирэх аравдугаар сарын 07-нд зохион байгуулахаар болжээ.
Албаныхан Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар аймаг, сумын Сонгуулийн хороог байгуулж Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.Цаг хугацааны хуваарьт заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн намуудын болон нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авчээ.
Сонгуулиар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Замын-Үүд сумын нэгдүгээр багаас, Алтанширээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тойг багаас,Улаанбадрах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэгдүгээр багаас, Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэгдүгээр багаас, Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гуравдугаар багаас  тус тус сонгогдох төлөөлөгчийг тодруулна.
Сонгуульд МАН болон АН-ын нэр дэвшигчид оролцохоор мэдэгдээд байгаа бөгөөд  аймаг, сумын сонгуулийн хорооны тогтоолын дагуу нэр дэвшигчдийг бүртгэсэн бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 15-нд гардуулахаар болжээ.
Х.Эрдэнэбулган

Related news