Нутгийн зөвлөл үерт өртсөн 10 өрхөд давхар бүрээстэй, таван ханатай, тавилгатай гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-08-14 15:08:13
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар усархаг аадар борооны улмаас айл өрхүүд нь үерт өртөөд байгаа Дорноговь аймгийн Айраг суманд өнөөдөр ажиллалаа.
Албаныхан аадар бороо орсны улмаас цахилгаан шугам сүлжээний саатал, авто зам болон төмөр замын эвдрэл гэмтэл хийгээд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд учраад байгаа хохирол, нөхцөл байдалтай газар дээр танилцаж  зохих тусламж дэмжлэг үзүүлэв. Улсын Онцгой комиссоос Айраг сум дахь аврах гал унтраах 23 дугаар ангид моторт завь, ариутгалын машиныг шийдвэрлэлээ.
Мөн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс үерт өртсөн 10 өрхөд давхар бүрээстэй, таван ханатай, тавилгатай гэр гардуулсан бол Дорноговь аймгийн ЗДТГ-аас зарласан хандивын аянд нэгдэж 50 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Үер усны аюултай холбогдуулан  аймгийн МХГ, Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэх ажлыг нийтийн эзэмшлийн талбай, айл өрхийн хашаа, жорлон зэрэг газарт зохион байгуулж нуур тогтсон газруудад хамгаалалтын бүс тогтоож буй.
Ус цаг уур орчны шинжилгээний албанаас наймдугаар сарын 15-16-нд усархаг аадар бороо орох мэдээлэл  гаргасан тул цаашид үер усны аюулаас сэргийлэх, иргэдэд мэдээлэл хүргэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгав.
Х.Эрдэнэбулган
Related news