“Ханжаргалант” багийн шагайн харваачид оноо мэргэн байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-30 18:22:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн шагайн харваанд Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Батцогоо ахлагчтай “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн “Ханжаргалант” багийн харваачид түрүүллээ.
Улаанбаатар хот болон Дорнод, Хэнтий, Баян-Өлгий зэрэг 10 гаруй аймгийн 495 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон баяр наадмын шагайн харвааны төрөлд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ж.Мөнхжаргал ахлагчтай “Улаанбаатар Төмөр зам”, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК-ий баг удаах байранд шалгарсан байна.
Цуваа харваанд Сэлэнгэ аймгийн залуу харваач Т.Амарболд түрүүлж, Хөвсгөл аймгийн залуу харваач М.Отгонхүү, “Улаанбаатар төмөр зам” багийн харваач Монгол Улсын даяар дуурсах мэргэн, спортын мастер Б.Шинэбаяр, Өвөрхангай аймгийн харваач, Монгол Улсын мэргэн Б.Мөнхнасан, Булган аймгийн харваач Г.Баасансүрэн нар эхний байранд шалгарлаа.
Ахмад чавхны харвааны багийн төрөлд Р.Бумбага ахлагчтай Булган аймгийн Тэшиг сумын “Буурал аав”, Ч.Лхагва ахлагчтай Булган сумын “Булган”, Ч.Жамьяансүрэн ахлагчтай Хутаг-Өндөр сумын баг, цуваа харваанд “Булган” багийн харваач С.Нямдорж, “Хутаг-Өндөр” багийн харваач Л.Жаргалсайхан, Тэшиг сумөн харваач Б.Баяраа нар эхний байр эзэллээ.
Ойн баяр наадмын шагайн харваа Булган сумын “Энергийн цэцэрлэгт хүрээлэн”-д эхэлж, шигшмэл баг, харваачдын харваа цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
М.Батжаргал

Related news