Онцгойгийн алба хаагчдыг тарваган тахлаас сэргийлэх вакцинд хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд Онцгой байдлын газрын албан хаагчдын бие бялдрын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах, тарваган тахлаар өвчилсөн хүнээр дамжин халдвар орж ирэх нөхцөл бүрдсэн үед урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Эрүүл мэндийн газартай хамтран Тарваган тахал өвчний эсрэг өвөрмөц дархлаажуулалт тогтоох амьд хуурай вакциныг энэ сарын 18-ний өдөр 21 алба хаагчид хийлээ.
Дээрх вакциныг алба хаагчдын дельтойд /гурван толгойт/ булчинд арьсан дээр 3 дуслаар зурах аргаар хийдэг ажээ.
Гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн аль цаг үед бэлэн байдалд байж ажиллаж байдаг алба хаагчдыг жил бүр ийнхүү вакцинд хамруулдаг. 2016 оны тухайд ОХУ-д гарсан гал түймэр унтраахаар явсан алба хаагчдад хачигны эсрэг вакциныг Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж байсан. Энэ удаад нөхцөл байдал цаг үеэс үүдэн тус вакцинд хамруулж байгаа ажээ.
Төвийн бүсийн тулгуур Дархан-Уул аймгийн тухайд ан амьтан агнасан зөрчил төдийлэн илрээд байдаггүй ч дамжин өнгөрөх иргэд хууль бус ан хийх, зөвшөөрөлгүйгээр агнасан ангийн мах, арьс ширийг нэвтрүүлэх тохиолдол гардаг. Тэр бүгдээс урьдчилан сэргийлэх үүднээс халдварт өвчнөөс ийнхүү сэргийлдэг гэж аймгийн ОБГ-аас мэдэгдлээ.
Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж заасан байдаг ажээ.
Л.Отгонбаатар
