“Тэмүүжин цогцолбор” сургуулийн “Өсвөрийн цагдаа“ баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 12:43:18

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээн Чингис хотод зохион байгуулагдлаа.

Тэмцээний эхний шатны шалгаруулалт сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нутаг дэвсгэртээ зохион байгуулагдаж, орон нутгаас шалгарсан багууд оролцсон юм. 

Тэмцээнд Чингис хотын  ерөнхий боловсролын  4 сургууль, хөдөө орон нутаг сумдаас  шалгарсан Биндэр, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумын нийт  7 багийн 84 хүүхэд багачууд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцсоноос 1-р байранд “Тэмүүжин цогцолбор” сургуулийн  “Өсвөрийн цагдаа“ баг 2-р байранд- Өмнөдэлгэр сумын  “Генералууд“ баг  3-р байранд Хан Хэнтий 2 дугаар сургуулийн сургуулийн “Сүлд” баг тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээн нь зөвхөн Чингис хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион явагдаж жилээс жилд өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид хэллээ.

О.Буянхишиг

 

Related news