Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-06 11:02:03
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас баяр наадмыг угтаж цэнгэлдэх хүрээлэнгийн гадна доторх засварын ажил эхэллээ.
Дээрх ажлыг “Болор Аграмб” ХХК гүйцэтгэж буй бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрыг хоёр давхар болгох, өнгө үзэмжийг орчин үеийн шийдлээр тохижуулж,  үзэгчдийн суудаг хэсэгт саравч хийж, талбайн доторхыг ногоон хиймэл зүлгээр зүлэгжүүлж, цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 500 машины зогсоол зэргийг барина.
Анх 1991 онд ашиглалтад орж байсан тус цэнгэлдэх хүрээлэнг 2017 онд засварлаж байсан юм. Засварын хөрөнгийг Дорноговь аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны дагуу Улаанцав аймгийн хөрөнгө оруулалтаар хийх аж. Гүйцэтгэгч компани цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг долдугаар сарын 25-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлэн ажиллаж байна.
Энэ жил аймгийн наадмыг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойтой хамтатган долдугаар сарын 27-29-нд тэмдэглэнэ. 
Х.Эрдэнэбулган
Related news