Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-03 15:47:11
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан энэ оны долдугаар сарын 02-нд боллоо. Хурлаар Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах саналыг хэлэлцэж сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан бичгээр ирүүлсэн саналуудыг харгалзан тухайн газруудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзлээ.
Энэ удаагийн хуралд Хатанбулаг, Мандах, Хөвсгөл, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх зэрэг тус аймгийн ихэнх сумын нийт 160.811 га газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай санал иржээ.
Гэхдээ энэ асуудлаар сумдынх нь ИТХ татгалзсан шийд гаргасан байсан бөгөөд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тухайн газрын асуудлаар сумдын ИТХ-ын шийдвэрийг дэмжжээ.

Дорноговь аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 468 тусгай зөвшөөрөл буй бөгөөд үүнээс 162 нь ашиглалтын, 306 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Тус аймагт 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдсон байдаг аж.
Орон нутгаас уул уурхайн тусгай зөвшөөрлийг хавтгайруулж дэмжих бус тухайн салбарт бодит үр дүнгээ өгөх, нутгийн иргэдийн амьжиргаа болон орон нутгийн хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй төслийг дэмжин ажиллаж байгаа аж. 
Х.Эрдэнэбулган
Related news