Хэнтийн бизнес эрхлэгчид брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-29 17:38:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн бизнес эрхлэгчид зөвлөлдлөө.

Тус аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТанхим хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд 14 сумын 122 бизнес эрхлэгч, МҮХАҮТ, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгчид оролцов. Зөвлөгөөний үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтнүүд “Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ”, “Сошиал медиа”, “Үйлчилгээний инноваци” сэдвүүдээр сургалт хийлээ. Мөн банкууд бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу талаа танилцуулж, Зээлийн батлан сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.

Мөн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Хэнтий аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, салбар танхимын Ерөнхийлөгчийн батламжийг Засаг дарга Н.Ганбямбад гардуулан өглөө. Дашрамд дуулгахад, Хэнтий аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарт 50 гаруй аж ахуйн нэгж, 300-аад иргэн үйл ажиллагаа явуулж, 600 гаруй иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа статистик мэдээ байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр тус аймгийн хэмжээнд 267 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс: мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 47, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 31, туслах аж ахуй эрхлэгч 12, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 65, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 47, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 19, барилгын материалын үйлдвэрлэл 10, хэвлэл, эх бэлтгэл 9, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 7, гар урлал бэлэг дурсгал 5, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 11 тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

Уг зөвлөлгөөнөөр “БАЯЛГИЙГ БҮТЭЭЖ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ» гэсэн уриалга гаргаж, ирэх ондоо илүү их баялгийг бүтээж, орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн орон нутгийн иргэдийг дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр ханган ажиллах зорилт дэвшүүллээ.
Д.Одонтунгалаг
Related news