Хөдөлмөр эрхлэгчдийн 51.6 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-28 17:54:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажилгүйдлын түвшин нийгмийн үзүүлэлт мэт боловч нөгөө талаар өрхийн бодит орлого, бизнест шууд нөлөөтэй макро эдийн засгийн үзүүлэлтийн нэг юм. 
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улсын хүн амын 15 ба түүнээс дээш насны иргэн 2.1 сая болж, тэдний 62 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаагаас 92 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Нийт ажиллагсдын 30 хувь нь ХАА, 51.6 хувь нь үйлчилгээ, 18.4 хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Өнөөдөр "Бизнесийн итгэлийн индекс"-ийг танилцуулах үеэр МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлэхдээ, "Ажилгүйдлын дундаж түвшин нь нэг талаас нийгмийн үзүүлэлт мэт боловч нөгөө талаас ажилгүйдлын түвшин өссөнөөр өрхийн бодит орлого буурч, бизнесийн ашиг орлогод шууд нөлөөтэй байдаг, бизнест дараа дараагийн ажил хэргийн шийдвэр гарахад чухал нөлөөтэй макро эдийн засгийн үзүүлэлтийн нэг юм" хэмээн онцолж байв. 
Хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж, ялангуяа Улаанбаатар хотод шилжин ирэх иргэдийн тоо жил ирэх бүр өсч байгаа нь ажилгүйдлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байгаа учир энд төрийн зохистой, зөв бодлого шийдвэр, үйл ажиллагаа дутагдаж байгааг онцлон анхаарах шаардлагатай байгааг эдийн засагчид, мэргэжилтнүүд хэлж байна.
МҮХАҮТ-аас гаргасан “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс 2017 онд илүү олон ажлын байр бий болж ажилгүйдлын түвшин буурна гэсэн хүлээлттэй байсан бөгөөд энэ үзүүлэлт өсөх эсэхэд эргэлзээтэй дүн гарчээ.
Б.Болд
Related news