“Мангирт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦМЭ/. БНСУ-ын “Гүүд нэйборс” Олон Улсын ТББ Дархан сумын 5,15 дугаар багт “Мангирт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Дэлхийн 37 оронтой хамтран ажилладаг БНСУ-ын “Гүүд нэйборс” Олон Улсын ТББ нь байгуулагдаад 27 жил байна. 2006 оноос эхлэн Монгол Улстай хамтран хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн аж. Харин орон нутгаас анх удаа Дархан-Уул аймгийг сонгож хамтран ажиллах гэрээг 2018 оны 03 дугаар сарын 29-нд байгуулсан. Тус гэрээнд тусгаснаар хамтын ажиллагаа 5 жил үргэлжлэх юм.
Урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр зорилтот багийн өрхийн орлого нэмэгдэж, хүүхэд хамгааллын асуудал сайжирч, боловсролын хүртээмж нэмэгдэж, эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар тогтвортой хангагдаж, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирах ажээ. Хөтөлбөрт нийтдээ 1200 гаруй хүүхэд хамрагдахаар судалгаа гарсан байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон төсөл хөтөлбөрийн багийн гишүүд холбогдох удирдлагууд оролцсон аж.
Л.Отгонбаатар

