Нефтийн үйлдвэрийн шав тавьж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-06-22 11:54:57
Дорноговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус суманд газрын тос боловруулах үйлдвэрийн шав тавих болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын  нээлтийн  ёслол Алтанширээ сумын нутагт өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөжлийн сайд, Ж.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн,Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд,  БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны хүмүүс оролцов.

Тус үйлдвэрийг  Энэтхэгийн  Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих юм. Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил өнөөдрөөс ийн эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын  ажлын байр шинээр бий болох тооцоог албаныхан гаргажээ. Нефть үйлдвэр барихтай холбогдуулж орон нутгаас 150 га газрыг шийдвэрлэсэн бөгөөд Сайншанд сумаас баруун хойд зүгт Алтанширээ сумын нутагт баригдах нефть боловсруулах үйлдвэр хүртэл үйлдвэрийн зориулалттай тээвэр хийх авто замын трассыг баталж, 18.8 км авто замын чиглэлийг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан аж. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэх бол хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
Нөөцийн хувьд эхний тогтоогдсоноор 40 жил. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлын ТЭЗҮ болон судалгааны ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна
  Х.Эрдэнэбулган
Related news