Газрыг үл маргах журмаар хурааж авах заалтыг цуцлах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-04 15:40:37

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Ганбаатар нар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 15 тоот дүгнэлттэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн өнгөрсөн долдугаар сард УИХ-аас өөрчлөлт оруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааж өгсөн. Уг хуулийн заалтууд нь иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц тогтоон дүгнэлт гаргасан юм. Харин уг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх үед Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байхаар нөхцөл байдал үүссэн учир МАН-ын бүлэг завсарлага авсан гэж Д.Оюунхорол гишүүн мэдээллийн үеэр тайлбарлаж байв.

Тэрбээр мөн “Дээрх хуульд орсон заалт нь талууд харилцан тохиролцсон гэдгээр халхавчлан хувийн өмчийн газрыг шүүхийн хяналтаас гадуур өмчлөгчийн эрхийг шилжүүлэх боломжийг, тэр дундаа гадаадын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлтэй хуулийн этгээдэд аливаа хязгаарлалтгүйгээр олгож, улмаар “шударга шүүхээр шүүлгэх” иргэний үндсэн эрхийг зөрчин, Үндсэн хуульд заасан иргэний эрхийг нь доройтуулсан үйл ажиллагаа болсон байна” гэв. Түүнчлэн “Иргэд арилжааны банкинд хашаа, байшин, орон сууцаа барьцаалсан 1,6 их наяд, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн 2,2 их наяд, нийт 3,8 их наяд төгрөгийн зээлийн өртэй байна. Өнөөдөр хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй боллоо. Ийм нөхцөлд хүний хамгийн үндсэн өмч болсон газрын асуудалд нийт ард түмний эрх ашгийг зөрчсөн хуулийг Монгол Улсын парламент баталж болохгүй. Газар бол элэгддэггүй, хуучирдаггүй баялаг. Тиймээс энэ асуудалд цөөн хүний эрх ашгийн үүднээс хандаж болохгүй” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудын бараг ихэнх нь гадаад эзэнтэй, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Иймээс барьцаалсан газрыг банк хурааж авна гэдэг нь гадны иргэний өмчинд шилжих нөхцлийг бүрдүүлж байна. Энд үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана” гэлээ.

Тиймээс гишүүд дээрх асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Н.Гантуяа

 

Related news