Ховд аймаг Алтайн хязгаарын Соёл урлагийн их сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:44:42

Оросын холбооны улсын Алтайн хязгаарын Соёл, урлагийн их сургуулийн гадаад харилцаа хариуцсан орлогч захирал Любовь Павловна Айкина тэргүүтэй төлөөлөл Ховд аймагт ажиллалаа.

Оросын холбооны улсын Алтайн хязгаар, Ховд аймаг хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинжлэх ухаан, боловсрол, соёлын харилцаа тогтоох зорилготой юм. Төлөөлөгчид Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Хэлтсийн дугуйлангийн сурагчдын концерт үзэж сонирхон аймгийн ХДТ-ын нийт уран бүтээлчид болон соёлын салбарын ажилчидтай уулзлаа.

Үүний дараагаар аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбаттай уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичиг үзэглэлээ. Оросын холбооны улсын Алтайн хязгаарын Соёл, урлагийн их сургууль нь Ховд аймгийн ЕБС-ийн 12-р анги төгсөж байгаа сурагчид болон соёлын салбарт ажиллаж байгаа цаашид мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст Орос улсын тэтгэлгээр тус сургуульд сурах боломж нээлттэй байгаа гэдгийг танилцууллаа.

Алтайн хязгаарын СУИС-д суралцахын тулд орос хэлний шалгалтанд тэнцсэн байх ба шаардлагатай бол хэлний бэлтгэлд суралцаж, цаашид сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах боломжтой юм байна.

А.Бямбасүрэн

Related news