Хан хэнтийнхээ нэрийг улсын дэвжээнээ тодотгож явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-19 23:53:37
Хэнтий /МОНЦАМЭ/ Багш, шавийн нандин шүтэлцээ, оюунлаг хөгжлийн оньсыг олимпиад болоод уралдаан тэмцээнүүд тайлсаар, олноо амжилтыг таниулсаар байгаа билээ. Энэ жилийн Улсын төрөлжсөн олимпиадаас Хэнтий аймгийн багш сурагчид хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нэг тусгай байранд шалгарсан юм.

Ийнхүү Хан Хэнтийгээр овоглогдон, амжилтаар арвин ирсэн багш нар, сургалтын албаны менежерүүд болон сургуулийн захирлуудад тус аймгийн Засаг дарга өнөөдөр хүндэтгэл үзүүлэв. Эрдмийн уурхайг оргилуулагч багш нараасаа Тэмүүжин ЦС-ийн Түүх-Нийгмийн ухааны багш Пельчирийн Эрдэнэцэцэгийн туршлагыг түгээж, амжилтыг хуваалцахыг зорьлоо. П.Эрдэнэцэцэг багш энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Хан Хэнтийн алдартан” тэмдгээр энгэрээ мялааж, хөдөлмөрөө үнэлүүлсэн сайхан мэдээг хүргэюү.

Тэрбээр 1996 онд МУИС-ийн Философийн ангийг төгсөөд төрөлх сургуульдаа ажлын гараагаа эхлүүлсэн. Тэмүүжин ЦС-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа түүний мэргэжлийн сонголтод нийгмийн ухааны багш Г.Баатар нөлөөлжээ. Г.Баатар багш маш их мэдлэгтэй, хичээлээ ямар ч зүйл харахгүйгээр ярьдаг байсан нь түүнийг гайхашруулдаг байв. Тиймээс ч багш шигээ болохыг хүсэж, мөрөөдөн энэ мэргэжлийг сонгосон ажээ.

Шинэхэн багшийг диплом өвөрлөн ирэхэд төрөлх сургууль нь арван жилийн сургууль болж, анхны шавь нар нь анхны аравдугаар анги төгсөгчид байлаа. Шавь нараа бэлдэн оролцсон анхны сунгаа нь аймгийн философийн олимпиад байв. Аймгийн философийн олимпиадын аваргаар 1997 оны 10а ангийн сурагч З.Сүхбаатар шалгарч, түүнд урам өгчээ. Аваргалсан сурагч нь МУИС-ийн эрхзүйн ангийг төгсөн “Монгол өмгөөлөгч" хуульзүйн фирмийг Монголдоо анх удаа байгуулан ажиллахаас гадна энэ салбартаа манлайлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Түүний гаргасан амжилтын жимээр дүү нар нь замнан аймаг, улсын олимпиадын  аваргаар олонтаа шалгарсан байна. Түүнчлэн багшийн олон олон шавь нар нь социологич, түүхч, хуульч, өмгөөлөгч, нийгэм судлаач мэргэжлийг сонгон, амжилт дагуулсаар явна. Тэд “Тэмүүжин” хэмээх эрдмийн өргөөнөөс сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүллээр дүүрэн хичээл зүтгэл, хөөр баяр, амжилт ялалтаар жигүүрлэн нисч эх орныхоо өнцөг булан бүрт мөрөө гарган яваа нь багш нарынхаа баяр бахадлыг төрүүлнэ.
Олимпиад уралдаан тэмцээнд сургууль хамт олноо төлөөлөн оролцож байдаг П.Эрдэнэцэцэг багшийн ургац арвин байна. Аймгийн түүх, нийгмийн ухааны багш нарын олимпиадаас 10 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн Улсын олимпиадад 10 удаа оролцож 1 алт, 1 хүрэл медаль хүртэж, хоёр удаа V байранд шалгарчээ.

2006 онд түүний шавь Б.Түвшин-Ундрах улсын түүхийн олимпиадаас алт, П.Эрдэнэцэцэг багш өөрөө нийгмийн багш нарын олимпиадын аварга багш болж, хос медальтай ирсэн юм. Энэ жил мөн  л шавьтайгаа хамтдаа хос медалийг хүртжээ. Нийгмийн ухааны 23 дугаар олимпиадаас түүний шавь 12а ангийн сурагч Г.Мөнхбилэг болон тэрбээр хүрэл медаль хүртэн, Хан Хэнтийн нэрийг дахин дуурсгажээ.
Ийнхүү амжилт гаргахад багш шавийн хичээл зүтгэл, олон өдрийн тасралтгүй бэлтгэлээс гадна эцэг эхийн дэмжлэг, сургуулийн удирдлага, судлагдахууны багш нарын хамтын үйл ажиллагаа нөлөөлжээ. Тариаланч хүн хавар тарьж намар ургацаа хураадаг бол багш хүн намар ургацаа тарьж хавар хураадаг онцлогтой. Өөрөөр хэлбэл намраас эрдмийн их аяны гараа эхэлж олимпиад уралдаан тэмцээний бэлтгэлдээ шаргуу ордог учир багш шавийн хамтын ажиллагаа эндээс л эхэлдэг байна.

Олимпиадад олонтаа оролцон, туршлага хуримтлуулсан П.Эрдэнэцэцэг багш: “Нийгмийн ухааны хичээл гэдэг бол хүнд хамгийн хэрэгтэй мэдлэгийг бага балчираас нь олгохоос гадна хүнийг хүн болгон  төлөвшүүлдэг хамгийн хэрэгтэй хичээл гэж би боддог. Миний хувьд хүүхдийн ерөнхий мэдлэгийг олгохоо илүүтэй жинхэнэ ёс суртахуунлаг, нийгэмд ухамсартай, амьдралдаа ухаалаг ханддаг иргэн болгон төлөвшүүлэхийг өөрийн ажпын эрхэм зорилго болгон ажиллаж ирсэн байна. Тэрбээр сурагчдаар бие даан эрэл хайгуул хийх, ярих, бичих, дүгнэх, судлах, найруулах чадварыг сайжруулахад анхаарч ажиллахын зэрэгцээ нийгмийн амьдрал хэрэглээтэй холбон, сурагчдын сонирхол идэвхийг өрнүүлэхүйц хэмжээнд хичээлээ заахыг эрмэлздэг нь түүний сургалтын чанарт нь нөлөөлж жил бүр ахиц амжилт гарч байна.

Зургаадугаар ангид элсэн орсон бяцхан шавь нараасаа тухайн хичээлд сонирхолтой, үг хэлийн баялагтай хүүхдүүдийг хичээл орох явцдаа ажиглаж ирээдүйн олимпиадын аваргуудаа тандан сонгож байдаг байна. Хичээл зүтгэл амжилт авчирдаг учраас хүүхдийн хичээл зүтгэл, сонирхол хамгийн чухал. Сэтгэл байхгүй бол “Дургүй ламд дарж байгаад сахил хүртээв” гэгчээр амжилт гарахгүй. Тийм болохоор хичээлдээ дуртай, зүтгэлтэйг нь үнэлэн авъяасыг нь хөгжүүлж, олон жилийн туршид бэлтгэдэг” хэмээн өгүүллээ.
Энэ жил улсын олимпиадаас энгэрээ мялаасан Г.Мөнхбилэг есдүгээр ангидаа түүхийн олимпиадаас алтан медаль авч байжээ. Тасралтгүй, олон жилийн бэлтгэл амжилтад хүргэдгийн жишээ энэ буюу.
Нийгмийн хичээлийн хэрэглэгдэхүүн бол нийгэм өөрөө буюу өдөр бүр өрнөж байгаа хүмүүсийн харилцаанаас энэ хичээлийн мэдлэгийг олж авах эсвэл танхимд эзэмшсэн мэдлэгээ бодит чадвар болгох боломжтой ажээ.

Тэрбээр ажиллах хугацаандаа хүсэж, тэмүүлсний үр дүнд түүхийн багшийн мэргэжлийг давхар эзэмшсэн байна. Энэ жил гэхэд аймагтаа түүхийн болон нийгмийн ухааны багшийн олимпиадын төрөлд хоёуланд нь алтан медаль хүртсэн бол шавь нар нь нийгмийн ухааны олимпиадад алт, мөнгөн медаль, түүхийн олимпиадаас  мөнгөн медалийн эзэн  болжээ. Аймагтаа багц медалийн тавыг нь авч, улсад дөрвөн төрлийн гуравт оролцсон нь багш, шавь нарын эрдэм оюуны цараа, хичээл зүтгэлийн үр дүнг харуулна.
П.Эрдэнэцэцэг багш: “Залуу багш нараа олимпиадад орж үзэх хэрэгтэй гэж би их хэлдэг. Олимпиад гэж ийм дэвжээ байдаг гэдгийг мэдэх ёстой.Олимпиад, уралдаан тэмцээнд оролцох нь багшийг хөгжүүлдэг гэж би боддог .Мөн багш хүн шавиа бэлтгэхдээ өөрөө бас хөгжинө.  Олимпиадад ороход юу мэдэхийг хүсч байна, юу хэрэгтэй талаар бид хамтдаа суугаад зөвлөж, ярилцдаг. Хамтран ярилцаж хамтдаа хөгждөг ” хэмээн хамт олноороо бахархаж байлаа.

Тэмүүжин ЦС-ийн түүх нийгэм газарзүйн судлагдахууны баг 7 багштай. Тэд бие биендээ туслан, ихэд дэмждэг. Тэрбээр “Багш шавийн хичээл зүтгэлээс гадна бусад нөлөө чухал. Эцэг эх, сургууль, хамт олон, бусад судлагдахууны багш нарын нөлөө, урам, дэмжлэг их байдаг. Хамтарсан, сэтгэл нийлсэн хамт олноос амжилт гардаг гэж би боддог. Бид гар нийлэн ажиллаж чаддаг учраас бидний амжилтын буухиа жил бүр үргэлжилсээр байна. Өдөржингөө бэлтгэл хийх үеэр багш, эцэг эхчүүд маань хоол цай бариад ирнэ. Бэлтгэлийн үеэр миний хичээлийг бусад ачаалал багатай багш нар заах зэргээр дэм болдог. Ингэж л бид бие биендээ халуун дулаан, чин сэтгэлийн дэм туслалцааг байнга үзүүлнэ. Ийм учраас олимпиадад оролцоход урам зоригтой байдаг. Багш шавь хоёр нэг зорилгын төлөө тэмцэж байхад эцэг эхчүүд, сургууль, хамт олон тэр зорилгыг минь мэдэрч дэмжиж  байвал амжилт өөрөө ирдэг гэж би боддог” гэж сэтгэл хангалуун ярих нь бахдалтай. Олон хүний дэмжлэг, туслалцаа, хичээл зүтгэлийн хамтын үр дүнд олимпиадад амжилт гаргах нь түүнд урам өгдөг байна.  

Тэмүүжин ЦС-ийн удирдлага, хамт олон, багш сурагчдаа олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргахад бүх талаар дэмжин тусалдаг байна. Үүний үр дүнд тус сургуулийн багш сурагчид энэ хичээлийн жилд улс, аймаг, бүсийн олон олимпиадаас олон арван медалийг авсан байна. Тус сургуулийн багш сурагчид энэ жилийн улсын олимпиадын дэвжээнээс 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн нь бахархууштай. Энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр энэхүү медалийн тавыг авсан нь боловсролын салбарт гялалзах ховорхон тохиолдол юм. Уншигч танаа сонорыг мялаахад тус сургуулийн технологийн багш М.Оюунсүхийн бэлтгэсэн шавь нар хос мөнгөн медалийн эзэд болжээ. Мөн монгол бичгийн багш М.Болор улсын олимпиадаас 3 дахь алтан медалиа, монгол хэлний багш Ц.Дэлгэрмаагийн бэлтгэсэн шавь нар хоёр дахь удаагаа улсын олимпиадын медалийг энгэртээ зүүсэн байна.

Ийнхүү хичээл зүтгэл, багш шавийн нандин холбоог амжилтаар гагнаж байгаа та бүхэндээ удахгүй болох анги дэвших шалгалт, ЭЕШ-д амжилт хүсье. Энэ жилийн арвин амжилт ирэх жилдээ булган сүүлтэй байж, олон арван багш, шавийн оюуны чадамж, хөдөлмөр зүтгэлээр аймгийн нэр  дуурсагдах болтугай.
Д.Одонтунгалаг

Related news