Хур бороо багатай, гандуу байгаа ч ургацад нөлөөлөхгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-16 11:02:07
Дорноговь /МОНЦАМЭ/.Хур бороо ороогүй улмаас Дорноговь аймгийн нийт нутаг гандуу байна. Энэ нь тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодрууллаа. Дорноговь аймаг энэ жил нийт 102 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан юм.
“2017 онд аймгийн хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 200 орчим айл өрх нийт 102.6 га талбайд тариалалт хийж  461,02 тн  ургац хураан авсан. Хэдийгээр бороо хур ороогүй гантай байгаа ч газар тариалангийн бүс нутаг бүгд усалгаатай учир санаа зовохгүй, төлөвлөсөн ургацаа хугацаанд нь хураан авна” гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.
Сайншандаас урагш 20-иод км-т байх Агропарк нь жил бүр шинэ сорт туршин, нутагшуулах сорт сорилтын ажлыг хийдэг бөгөөд “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017 онд улсын сорт сорилтын хурлаар  Астарханьский сортыг нутагтаа туршиж батлуулсан нь Дорноговь аймаг анх удаа нутагшсан сорт юм. Мөн сүүлийн таван жил хүнсний таван сортыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд помидорын “Толстой” хэмээх шинэ сортыг хүлэмжинд зориулж анх удаагаа тариалснаас гадна хоёр төрлийн байцаа, өгөрцийний гурван төрлийн сорт тарьсан нь амжилттай болж ургасан аж.
Х.Эрдэнэбулган
Related news