Дорноговь аймагт инженерийн хийцтэй 24 худаг шинээр гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-14 15:18:37
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт энэ онд улсын төсвийн 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Айраг, Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ, Замын-Үүд суманд тус бүр нэг нийт таван инженерийн хийцтэй худаг гаргахаар ХХААХҮЯ -нд тендер зарлажээ.
Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнгөрөгч гуравдугаар сард Дорноговь аймагт ажиллах үеэр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд инженерийн хийцтэй худаг гаргахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу салбарын сайдын багцаас Иххэт, Мандах, Хөвсгөл суманд нийт таван инженерийн хийцтэй худаг гаргуулах захиалгыг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байна.
Мөн аймгийн ОНХС -гийн 32 сая төгрөгийн хөрөнгөөр Замын-Үүд сумын хилийн цэргийн 0108 дугаар ангид шинээр гурав, Мандах, Сайхандулаан суманд ОНХС -гийн 55 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр гурван цооног, нэг инженерийн хийцтэй худаг сэргээн засварлах ажлыг хийж буй.
Ингэснээр Дорноговь аймаг  жилийн эцэст төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 24 гаруй шинэ худагтай болж  29.1 мянган га бэлчээрийг усжуулж  57.8 мянган толгой малыг услах боломж бүрдэнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 
Х.Эрдэнэбулган
Related news