Дархан-Уул аймаг мини хөл бөмбөгийн талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-14 14:11:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 5 дугаар багийн нутаг,  15 дугаар сургуулийн спортын талбайд 20x40 хэмжээтэй 2 мини хөл бөмбөгийн талбайг Итали улсын ”Лимонта С.П.А” спортын бараа тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн мэргэжилтнүүд барьж байгууллаа.

Хөлбөмбөгийн спортод оруулж буй томоохон хөрөнгө оруулалтыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хийж хэрэгжүүлжээ. Тодруулбал Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилт болох  500,0 сая төгрөгийн өртөг бүхий 20x40 хэмжээтэй хоёр мини хөл бөмбөгийн талбай байгуулсан нь энэ аж. Ингэснээр хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэхэд тус хөл бөмбөгийн талбай ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ сарын 9-ний өдөр нээлтээ хийсэн олон улсын стандартад нийцсэн мини хөл бөмбөгийн талбайтай болсонд тамирчид сэтгэл өндөр байна. Эв нэгдэл, эр зоригийн спортын манлай хөл бөмбөгийн их спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж аймаг орон нутаг төдийгүй Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан олон сайхан тамирчид энэхүү талбайгаас төрнө гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтийн үйл ажиллагаанд оролцсон ахмад тамчирчид онцолж байлаа.

Цаашдаа аймаг орон нутгийн удирдлагууд, Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран Биеийн тамир спортын ордны хажууд байрладаг хөл бөмбөгийн том талбайг олон улсын жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбай болгоход хамтран ажиллахаар болжээ.

Дарханы хүүхэд багачууд хөлбөмбөгийн спортоор хичээллэн олон амжилтуудыг үзүүлсээр байна. Тухайлбал өсвөрийн баг тамирчид хүүхдийн спортын их наадамд 2 удаа, Үндэсний цомын тэмцээнд 2 удаа, 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа, Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа тус тус тэргүүлсэн амжилттай.

500 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон тус мини хөл бөмбөгийн талбай нь Эрдэнэт, Төв, Ховд аймгуудад байдаг аж.

 
Л.Отгонбаатар

Related news