Шинэ Эрүүгийн хуулийг ирэх оны есдүгээр сарын нэгнээс мөрдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь байсан бол, 2012 оны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77,6 хувь, 5,7 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 11,6 хувь баривчлах ял, бусад ял 5,1 хувь гэсэн судалгаа гарсан байна. Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн дунджаар 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна.
Иймд хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулсан аж. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзжээ.
Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгасан. Түүнчлэн хуулийн нэр томьёо, давхардал, хоёрдмол утга бүхий зүйл, заалтыг өөрчлөх, “ба”, “буюу”, “бөгөөд”, “эсвэл” гэсэн хоёрдмол агуулга бүхий хууль зүйн техникийг ашиглахаас татгалзаж, санаатай эсвэл болгоомжгүй гэмт хэргийн субьектив талыг тодорхой заах, хуулийн бичилтийг дахиж сайтар өөрчлөн найруулахад зэргээр Эрүүгийн тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Эцсийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол 99, найруулгын 69, нийт 168 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нийт 14 хууль, 2 тогтоолын төслийг тус тус батлав. Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.
Чуулганы өнөөдрийн хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар өндөрлөв.
Б.Туул