Нарны үүсгүүрээр ажилладаг худаг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-11 14:06:10
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн сум нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг худагтай боллоо.
Сайншанд суманд Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар салхин парк барьж байгаа “Сайншанд салхин парк" ХХК худгийг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.
Хоногтоо 3000 мал услах хүчин чадалтай эл худгийн ашиглалт хамгаалалтыг орон нутаг малчдынхаа  дэмжлэгтэй хариуцаж ажиллах аж. Нарны үүсгүүрээр ажиллах худагтай болсноор хөрөнгө санхүү хэмнэж цахилгаан эрчим хүчийг ашиглахгүйгээр малаа услах боломжтой болж байна гэж албаныхан онцлов.
Нарны үүсгүүрт худгийн нээлтэд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Герман Улсаас Монгол Улсад суугаа  элчин сайд Штефан Дуппел, Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Элизабет Барсак, "Сайншанд салхин парк" ХХК болон Өргөн сумын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Дашрамд дурдахад "Сайншанд салхин парк" ХХК-ийн ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд одоогоор 10-аад салхин сэнс суурилуулжээ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоодугаар сарын сүүлчээр дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Х.Эрдэнэбулган
Related news