“Дорноговь Симба” хамтлаг анхны бие даасан цомгоо олны хүртээл болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-05 17:34:45
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн "Саранхөхөө" театрын дуучин Ц.Лхамжав, дуучин хөөмийч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Дорноговь симба”  хамтлаг анхны цомгоо гаргалаа.
Дуучин залуус СУИС-ийг дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд 2008 онд “Дорноговь Симба” хамтлагийг байгуулж, 2009 онд анхны бие даасан “Хадамд гарсан бүсгүй” тоглолт  зохион байгуулж байжээ.  Эдүгээ урын сандаа нийт 25 дуутай хамтлагийнхан "Хадамд гарсан бүсгүй" нэртэй анхны цомгын нээлтээ Сайншанд хотын Алтанговь худалдааны төвийн урд талбайд үзэгчидтэйгээ хамт дуу хуур, инээд наргианы дунд зохион байгуулсан бол бүрэн хэмжээний тоглолтоо Саранхөхөө театрт хийлээ.
Тус хамтлаг "“Хадамд гарсан бүсгүй” нэртэй аялан тоглолтоо аймгуудаар амжилттай зохион байгуулж байснаас гадна Солонгос, ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын Манжуур, ӨМӨЗО-нуудад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцон улс, орон нутгийнхаа нэрийг гаргаж байжээ.
Тоглолтын үеэр тус хамтлагийн дуучин Ц.Лхамжав, дуучин хөөмийч Б.Ууганбаяр нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж Засаг дарга цомгийн хэвлэлт, тоглолтын зардалд дэмжлэг үзүүлэв.
Х.Эрдэнэбулган
Related news