Орон нутгийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт Дорноговьд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-05 17:06:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжлийг хангахын төлөө санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад сэтгүүлчид ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран Сайншанд хотод зургадугаар сарын 03-04-нд зохион байгууллаа.



МСНЭ-ийн хуулийн зөвлөх Г.Балжмаа орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь, МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга Цахимд сайт ажиллуулах боломжууд ба Гүйцэтгэх удирдлагын төлөвлөлт, ХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга У.Тамир Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд, ХМЗ-ийн Радио телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог  Эрэн сурвалжлага ба ёс зүй, “МОНЦАМЭ” агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Б.Чадраа Гэрэл зураг авахад анхаарах зүйл,  “Өдрийн сонин”-ы Компьютер, эх бэлтгэлийн төвийн дарга Я.Баярбаатар Сонин сэтгүүлийн дизайн ба сошиал медиа маркетинг сэдвээр тус тус мэдээлэл хийж харилцан ярилцсан юм. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нар аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй ажил бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.



Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь  зөвхөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд олддог боломж бус хэвлэл мэдээллийн салбарынханд ч нээлттэй байдаг бөгөөд харин хуульд заасан боломжуудыг олж харах, ажил хэрэг болгох цаашлаад төрийн болон гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах, төсөл бичиж  сурах нь хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд нэн тэргүүний зорилт  гэдэгтэй  сэтгүүлчид санал нэгдсэн.  Бүсчилсэн сургалтад ямар сэдвээр хичээл заах тухай  сургалт болохоос өмнө  оролцогчдоос саналыг нь авсан тул хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийн сонирхсон сэдвээр хичээлийг анхааралтай сонсож, асуулт хариулт өрнүүлж цаг хугацааг  идэвхтэй, үр дүнтэй өнгөрүүлэв.
Мөн гэрэл зургийн сургалт болон сонин сэтгүүлийн дизайн ба сошиал медиа маркетингийн чиглэлийн сургалт илүү сонирхолтой болов. Сэтгүүлчид  сургалтаар олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, илүү эрч хүчтэй ажиллах эрмүүн хүсэл тэмүүлэлтэйгээр зүүн бүсийн сургалтыг өндөрлөж  нутаг нутгийн зүг жолоо залав.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан зүүн бүсийн сургалтыг зохион байгуулахад Дорноговь аймгийн ЗДТГ-аас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. Мөн оролцогчид сургалтын бэлтгэл ажлыг хангах, анги танхим бэлтгэх, зочдыг хүлээн авах зэрэг зохион байгуулалтын ажлыг чанартай, сайтар зохион байгуулсанд МСНЭ-ийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд талархал илэрхийлсэн байна.
Сэтгүүлчид Сайншанд хотын бүтээн байгуулалтай танилцлаа



Сэтгүүлчид  эхний өдөр сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр мэдлэгээ сэлбэсэн бол хоёр дахь өдөр Сайншанд хотын зарим бүтээн байгуулалттай танилцав. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт  эрчимтэй өрнөж байна.  Хямд үнэтэй орон сууц, хүүхэд залуучуудын амралтын талбай, авто зам, гэрэлтүүлэг, усан бассейн, нар салхины цахилгаан станц гээд томоохон бүтээн байгуулалтыг дурдаж болно.
Сэтгүүлчид Сайншанд суманд шинээр ашиглалтад орсон усан спорт сургалтын төвтэй танилцав. Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуус хүүхдүүдэд спорт,  бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох,, эрүүл мэндийг дээшлүүлэх үүднээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу дээрх усан спортын төвийг ашиглалтад оруулсан. Барилгын ажлыг орон нутгийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баян могод" ХХК хийж гүйцэтгэсэн байна. Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцах бөгөөд усчин аврагч, багш, дасгалжуулагч, үйлчлэгч гээд 10-аад орон тоотой ажиллана.



Харин дараагийнх нь салхины эрчим хүчээр эрчим хүч гаргаж авах томоохон бүтээн байгуулалт. Эдүгээ нарны болон салхины эх үүсвэрээр эрчим хүч гаргаж авах хоёр томоохон төсөл Сайншанд хотод хэрэгжиж буй. Сайншандаас зүүн зүгт таван км-ийн зайд, Улаантолгой гэх газарт Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Сайншандын салхин парк” төслийн ажил эрчимтэй өрнөж 10 гаруй салхин сэнс суурилуулсан байхтай сэтгүүлчид танилцсан байна.
Салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай байх бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг  олон боломж бүрдэх юм.
Х.Эрдэнэбулган
Related news