20 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2018-05-24 13:03:19
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймаг дахь Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь Япон улсын Sharp корпорацтай хамтарч тус аймгийн Хонгор сумын нутагт 20 MВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барих барилгын шав тавих ёслол хийлээ. Уг ёслолд тус аймагт ажиллаж байгаа эрчим хүчний байгууллагуудын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Япон улсын Sharp корпорацийн төлөөлөл оролцлоо.
Нарны станцын шавь тавих ёслолыг ДСЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Нэргүй,
-Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтад тулгуурлаж манай ДСЦТС ХК, Япон улсын " Sharp" корпорацитай 20МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Энэ нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, 2019 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу өнөөдөр нээлтээ хийж байна. Төслийн үр дүнд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жилд дунджаар 32.0 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэх бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд 25505 тонноор бууруулаад зогсохгүй 355 сая литр усыг хэмнэх юм гээд Нарны цахилгаан станцын зураг төсвийг ДСЦТС ХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаагаараа давуу талтайг дээрх нээлтийн үеэр онцоллоо.
ДСЦТС ХК-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал,
-Энэ станц маань Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр 60 га газарт 62500 ширхэг нарны дэлгэцүүдийг байрлуулж хийгдэнэ. Бид энэ станцыг байгуулах техник эдийн засгийн үндэслэлүүдээ Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэдтэй хамтарч 2016 онд гаргасан. Уг ТЭЗҮ-ээ мөн ондоо Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар оруулж баталгаажуулаад нарны станцаа хамтарч байгуулах хөрөнгө оруулагч, барих технологийн шийдлүүдээ тодотгож явсны эцэст Япон улсын Sharp корпорацтай хамтарч барихаар өнөөдөр шавыг нь тавьж байна. Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын барим бичиг зэрэгт “Эрчим хүчний үйлдвэрлэлийн болон нийт хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана” гэж заасны дагуу эхний цахилгаан станцууд баригдаж эхэлсэн. Хамгийн эхлээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МГв-ын цахилгаан станц ашиглалтад ороод ажиллаж байна. Мөн өмнөд бүс Дорнод, Дорноговийн шугам сүлжээнүүдэд бас нарны цахилгаан станцууд баригдаж энэ оны эцсээр ашиглалтад орж эрчим хүчний нэгдсэн системд холбогдох гэж байгаа. Бид энэхүү станцаа ирэх оны гуравдугаар улиралд багтааж ашиглалтад оруулахаар нээлтээ хийж байна гэсэн юм.
Уг станцыг барих угсралтын явцад 200-аад түр ажлын байр бий болох бөгөөд ашиглалтад орсны дараа 30-аад байнгын ажлын байр бий болох ажээ. Энэхүү нарны станцыг барих ажлын гол гүйцэтгэгч нь ДСЦТС ХК өөрөө юм байна. Харин газар шорооны болон бусад ажилд туслан гүйцэтгэгчийг шалгаруулж ажиллуулахаар болсон аж. Тус аймагт яг нэг жилийн өмнө 10 МГв-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орж байжээ.
                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Related news