Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн уралдаанд 2000 гаруй хүүхэд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-22 19:30:20
Булган /МОНЦАМЭ/ “Олон нийтийн Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан гар зураг, эссэ бичлэг, мэтгэлцээний тэмцээнд аймгийн хэмжээгээр 2000 гаруй хүүхэд оролцсон байна.
Орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн боловсролын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн, санхүүгийн суурь мэдлэг олгох зорилготой энэ хөтөлбөрийг Монголбанк, Сангийн Яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Яам, Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан хэрэгжүүлж байна.
Бага ангийн сурагчдын “Бяцхан санхүүч” гар зургийн уралдаанд 500,  дунд ангийн сурагчдын “Санхүүгийн боловсрол гэж юу вэ?” эссе бичлэгийн уралдаанд 800 гаруй сурагчдын бүтээл иржээ. Ахлах ангийн сурагчдын “Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь” мэтгэлцээнд 14 багийн 42 сурагч тус тус оролцсон байна.
Тэмцээний эхний гурван байрыг тухайн сум суманд шалгаруулжээ.
Булган сумын “Бяцхан санхүүч” гар зургийн уралдаанд тус сумын 1-р сургуулийн 4-р ангийн сурагч Н.Биндэрьяа, “Санхүүгийн боловсрол гэж юу вэ?” эссэ бичлэгийн уралдаанд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч н.Гүнтөгс түрүүлжээ. “Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь” мэтгэлцээнд Булган сумын 3-р сургуулийн “Хайку” баг тэргүүлсэн байна.
М.Батжаргал

Related news