Жорлонгийн лагийг ашиглах үйлдвэрийг Өвөрхангай аймагт байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-12 19:15:11
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Билл Гейтсийн сангийн нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт жорлонгийн лаг ашиглах үйлдвэр байгуулна. Дэлхийд цэцэглэж байгаа бизнесийн гол түүхий эд жорлон дотор байдаг ба энэ нь лаг юм. Химийн бордоонд хордож, үржил шимгүй болсон хөрсийг дахин сэргээх, хөрсжүүлэх, хортой хог хаягдлыг саармагжуулахад энэ өтгөн лаг онцгой ач холбогдолтой аж.
Энэ тухай мэдээллийг аймгийн Засаг дарга Г.Ганболд “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтын үеэр хэлж, тус төслийнхөнтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.
“Нутгийн шийдэл сан” төрийн бус байгууллагаас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад зохион байгуулж, орчин үеийн дэвшилтэд жорлонгийн технологиос танилцуулсан юм. Хөрс, ус, орчны бохирдлыг үүсгэгч нүхэн жорлонг халж, дэвшилтэд технологи бүхий жорлонг хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллахыг оролцогчдод зөвлөв. Сургалтад аймгийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд зэрэг 100 хүн хамрагдсан юм. Тэд зөвлөхийн үүрэг хүлээж, жорлонгоо өөрчлөх хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх аж.
“Хөрсний бохирдол, гүний ус нь бүх айлын жорлонгоос хамаарч байгаа учраас жорлонгоо өөрчлөх шийдвэрийг  нэг айл биш нийтээрээ гаргах нь чухал” гэдгийг Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл хэлж, жорлонгоо орчин үеийн дэвшилтэт технологиор өөрчилснөөр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, ундны ус цэвэршинэ гэж байлаа.
Б.Батчимэг
Related news