Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хүртээмжтэй орчны үнэлгээ” гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-08 15:56:05
Архангай /МОНЦАМЭ/.Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 72 аж ахуй нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хүртээмжтэй орчны үнэлгээ”-г дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд хийж, дүгнэлтийг энэ сарын 7-нд гаргаж дуусчээ. 

Үнэлгээний нэгдсэн дүнгээс харахад байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд их бага хэмжээгээр хүртээмжтэй орчин бүрдүүлэх оролдого хийсэн боловч дэд бүтэцтэй холбоотой норм, дүрэм, стандартын талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалтгүйгээс ихэнхдээ буруу буюу шаардлагад нийцэхгүй төлөвлөлт хийж, хөрөнгө хүчийг үр дүнгүй зарцуулсан байгаа юм. Мөн хүртээмжийг бий болгох чиглэлээр төсөвтөө тусгадаггүй болох нь тандалтын судалгаагаар ажиглагдсан байна. Тухайлбал, төсвийн байгууллагад үндсэн үйл ажиллагаанаас бусад зардалд төсөв тусгаж шийдвэрлэдэггүй, зарим тохиолдолд хуваарилсан төсөв нь хүрэлцдэггүй гэсэн шалтгааныг олон удаа дурьдаж байжээ. Энэ нь хүртээмжийг бий болгохтой холбоотой төсвийг тусгаж шийдвэрлэхийг бодлогоор зохицуулах хэрэгцээ өндөр байгааг харуулж байна гэдгийг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс хэлж байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенц, Эрхийн хууль зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой эрх зүйн мэдлэг олон нийт, иргэдийн дунд хангалтгүй, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллах сонирхол байгууллагуудын удирдлага болон ажилтнуудын дунд бага байдаг нь иргэдийн онооны картын судалгаанаас харагджээ.



Тухайлбал, үнэлгээ хийсэн байгууллагуудын 11 хувь нь налуу шатыг стандартын дагуу, 55 хувь нь стандарт бус, 34 хувь нь налуу зам огт хийгээгүй байна. Мөн Мобиком, Юнител, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхдийн номын сан, Авто тээврийн газар, Спортын төрөлжсөн сургалттай сургууль, нэгдүгээр сургууль зэрэг байгууллагууд стандарын дагуу ариун цэврийн өрөөтэй байхад стандарт бус ариун цэврийн өрөөтэй нь нийт байгууллагын 53 хувь, ариун цэврийн өрөө огт байхгүй 36 хувь байжээ.  Сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээллийн урсдаг самбар, хөтөч зам зэрэг нь нийт байгууллагуудын ихэнхэд нь байгаагүй байна.
Энэхүү үнэлгээг хийсний дараа 13 заалт бүхий зөвлөмжийг гаргаж, дээрх байгууллагуудад хүргүүлж байгаа ажээ.
Дээрх судалгааг аймгийн Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн байдалд үнэлгээ хийж, стандартад нийцүүлэх санал боловсруулах, шийдвэрлэх талаар тусгасан ажлын дагуу хийжээ.
Б.Гэрэлт-Од
Related news