Төсвийн ерөнхийлөн захирагчийн 220 гаруй санхүүгийн тайланд аудит хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-07 11:33:04
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн аудитын газар  2018 оны эхний дөрвөн сард Үндэсний Аудитын газрын нэгдсэн төлөвлөгөөгөөр Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн байна. Тус аудитад сумдын Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайлан 19, Төсвийн  шууд захирагчдын 158 тайлан, төсөл  сангийн 41, орон  нутгийн өмчит үйлдвэрийн газар 3 гээд нийт 221  санхүүгийн тайлан, oрон  нутгийн нөөц хөрөнгө, замын сан, мал эмнэлгийн үйлчилгээ, албан журмын даатгал, ахмадын холбооны санхүүгийн дэмжлэг зэрэг зардлын дансдын гүйлгээ  хамрагджээ.

2017 онд орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэх тодотгосон орлогыг орлогын 21 төрлөөр 8,820.0 сая төгрөгөөр баталснаас, гүйцэтгэлээр 10,517.1 сая төгрөгийн орлого төвлөрч, орлогын гүйцэтгэл 119.2 хувь буюу төлөвлөгөөнөөс 1,697.1 сая төгрөгөөр давж биелсэн. Аймгийн төсвийн нийт зарлага 2017 оны жилийн эцсийн байдлаар 66,277.0 сая төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 65,286.7 сая төгрөгийн буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй тайлагнагдсан байна. 

2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн 3593.3 сая төгрөгийн зөрчлийн 82.6 хувь нь нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой байжээ.  Мөн ихэнх төсөвт байгууллагууд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөөгүй, зарим байгууллагын бодлогын баримт бичиг нь одоо мөрдөгдөж буй НББүртгэлийн олон улсын стандарт, заавар журмын дагуу шинэчлэгдээгүй байна.

Аудитаар сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн бүрдүүлэлт зарцуулалттай холбоотой 335.5 сая төгрөгийн зөрчил илэрч Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг зөрчсөн, мөн нэгтгэсэн тайланд тусгагдсан нийт авлагын 96.3 хувь буюу 6,918.4 сая төгрөг нь сум хөгжүүлэх сангийн авлага бөгөөд авлагын эргэц хангалтгүй байгаагаас найдваргүй авлага үүсэх эрсдэл байж болзошгүй гэжээ.

Аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан 7.182,9 сая төгрөгийн авлагатай,  тайлагнагдсан нь Төсвийн тухайн хуулийн 6.48-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд аудитаас дээрх зөрчил дутагдлыг засах үүднээс аудитын зөвлөмж хүргүүлжээ.
Б.Гэрэлт-Од
Related news