Хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалт өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-27 16:04:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу жилийн ажлын хүрээнд хийх ажлын нээлтийг дөрөвдүгээр сарын 27-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Жилийн ажлын хүрээнд Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлэг,  төмөр замын суурийн буюу Сайншанд сумын дөрөвдүгээр багт  320 хүүхдийн багтаамжтай бага сургууль, Данзанравжаагийн музей, болон орон нутгийг судлах музейн засвар, хүүхдийн цэцэрлэг, “Мандах наран-3” орон сууцны хороолол, авто замын шинэчлэл, цэнгэлдэх хүрээлэн, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлийн талбай, I,II, VII багт Иргэдийн хөгжлийн төв, Мандах суманд 60 ортой дотуур байр, Эрдэнэ суманд цагдаагийн постын барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтыг улс болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөжээ.
Зөвхөн байшин барилга бариад зогсох бус хүнээ хөгжүүлэх үүднээс нэрд гарсан лекторуудыг урьж олон нийтийн оюуны эрэлт хэрэгцээнд зориулж лекц уншуулж байна. Тухайлбал “Оюуны чадавхи” төвийн лектор Г.Мөнгөн, сэтгэл зүйч Г.Наранбаатар, “lady” төвийн багш  Р.Лхагвадулам, “Итгэл, сэтгэл, хандлага” төвийн  Ц.Ундрах  нар Дорноговийн залуус,  сурагчид, ахмад дунд үеийнхэнд зориулсан сонирхолтой лекц уншсан юм.
Энэ үеэр Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эмнэлгүүд,  нийгмийн даатгалын хэлтэс, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон бусад хувийн хэвшлийн байгууллага аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчилсан. Дашрамд дурдахад тус аймаг 2017 оныг "Их бүтээн байгуулалтын жил" болгон зарлаж улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 20 гаруй тэрбум төгрөгийн  бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна.
“Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг,  Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Х.Эрдэнэбулган
Related news