"Сайн үйлсийн аян"-ы хүрээнд нэг өрхийн дулааны шугамыг бүрэн шинэчилж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-26 23:50:04
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дарханы Дулааны Сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон Дархан сумын 5-р баг Үндсэн тосгоны 32-р барак байрны нэгэн өрх, айлыг сонгон гэр доторх дулааны шугамыг компанийн зардлаар бүрэн шинэчилж өгчээ.

Инженерийн шугам нь муудаж зайлшгүй солих шаардлагатай болсон ч эдийн засгийн байдлаасаа шалтгаалан хөлдөж хагарсан шугамаа сольж чадахгүй явсны дээр дулааны төлбөр их хуримтлагдсан учир өвөлдөө байнга халаалт тасалдан зутруухан байсан тухай гэрийн эзэн Д.Отгонбаатар ярьж байна. Харин одоо ирэх өвлийг ажрахгүй өнгөрөөх боломжтой болсонд тэд баяртай байна.

Гэрийн эзэн Д.Отгонбаатар, эхнэр Ч.Мөнхтэмүүлэн хоёр 3-18 насны 4 хүүхдийн хамт амьдардаг аж. Эхнэр нөхөр хоёр гар дээрээс номын худалдаа хийж ойр зуурын хэрэгцээгээ залгуулахаас өөр өрхийн орлогогүй ажээ.

Дархан хоттой нас чацуу энэ байранд амьдардаг өрх айлын эзэгтэй Ч.Мөнхтэмүүлэн нэгэн цагт нийгмийн ороо бусгааг илжилж, билэг танхай шүлэглэж явсан яруу найрагч Р.Чойном агсаны охин ажээ.

Дарханы Дулааны Сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон жил бүрийн дөрөвдүгээр сард нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн "Сайн үйлсийн аян"-ыг зохион байгуулдаг юм. Тус компанийхан Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр, 5-р багийн Засаг дарга Б.Оюунчимэг нарт албан ёсоор хандаж, санал тавьснаар энэ айлын тулгамдсан асуудлыг шийдэж өгчээ.


 
Л.Отгонбаатар
 

Related news